Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр Архангай аймгийн иргэдтэй уулзалт хийж, УИХ-ын 2018 оны хаврын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, тогтоомж, шийдвэрүүдийн талаар танилцуулж ажиллалаа. Энэ үеэр тус аймгийн төв буюу Эрдэнэбулган сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцов.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллах орчин нөхцөл, халаалт дулаан, үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангах чиглэлээр тусалж дэмжихийг Өрхийн эмч, мэргэжилтний холбооны Архангай дахь салбар зөвлөлийн тэргүүн Ж.Ариунаа хүслээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг халаалт дулааны хувьд хямд төсөр зардалтай, эко технологийг ашиглахыг зөвлөн, хөрөнгө оруулалтын хувьд орон нутгийн төсвөөр шийдвэрлэх боломжтой талаар байр сууриа илэрхийлсэн.
Тус сумын зарим өрхийн эмнэлгийн барилга хуучирч муудсан, цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, багтаамж муу зэргийг харгалзан өрхийн эмнэлгийн жишиг загвар болохуйц барилгын асуудлыг судалж ажиллахаа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлсэн.
Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн компьютер, тоног төхөөрөмжийг 2003 оноос хойш шинэчлээгүй, хэрэгцээ шаардлага хангахгүй болсон учраас шинэчлэх талаар анхаарал хандуулан ажиллаж байгаагаа дуулгаад уулзалтын үеэр эхний ээлжийн компьютерыг гардуулан өгсөн юм.
Түүнчлэн өрхийн эмнэлгийн эмч нарыг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх зэрэг асуудлыг орон нутгийнхаа дэмжлэгтэйгээр зохион байгуулж, ажиллах боломж байгааг сануулж, боловсон хүчний сурч боловсрох нөхцөлд дэмжлэг үзүүлж ажиллахыг аймгийн удирдлагуудад чиглэл болголоо.
Мөн Эрдэнэбулган сум буюу Цэцэрлэг хотод түр оршин суугчид ихээхэн байгаа нь өрхийн эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлдэг. Эдгээр иргэд тухайн өрхийн эмнэлгийн үйлчлүүлэгчийн тоонд хамаардаггүй нь төсөвт хүндрэл учруулдаг тухай өрхийн эмч нар ярилаа. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулахад зөвхөн улсын төсөв гэлтгүй орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалт хийж, санал санаачилгатай ажиллахыг аймгийн удирдлагуудад анхааруулж, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй барилга, төсвийн хүндрэл, ажиллах орчин нөхцөл, тоног төхөөрөмж зэрэг асуудалд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын хувьд анхаарч ажиллана гэдгээ тэрбээр илэрхийллээ.