Цэс

Холбоо барих

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Балигийн чуулга уулзалтын Гүйцэтгэх хорооны хуралд оролцож байна


     УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотноо зохиогдож буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх парламентын дэлхийн 2 дугаар чуулга уулзалтын үеэр болсон Гүйцэтгэх хорооны хуралд оролцов.  Улс орноо төлөөлөн ирсэн  парламентын 4 дарга, 10 дэд дарга цуглан, энэ удаагийн чуулганаар батлах “Бүх Нийтийг Тогтвортой Эрчим Хүчээр Хангахын Төлөөх Түншлэл” сэдэвт төгсгөлийн баримт бичгийн төслийг хэлэлцэж, ирэх онд болох ээлжит чуулганы сэдэв, агуулгыг ярилцлаа. 

    Тэрбээр ”Бид нэгэнт тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр дэлхий нийтийн өмнө амлалт авч, үүрэг хүлээсэн тул үүнийгээ баталгаажуулах үүднээс Монголын парламент өөрийн бүтцэд “Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо”-г албан ёсоор байгуулан, үйл ажиллагаа явуулж буйг дуулгахад таатай байна. Ирэх жилийн чуулганд Тогтвортой хөгжлийн боловсролын асуудлаарх зорилтын хэрэгжилтийн талаар хэлэлцэх нь зүйтэй болов уу. Учир нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд шинэ техник, технологийг нэвтрүүлэх асуудал зайлшгүй бөгөөд үүнд өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжилтэй боловсон хүчин хэрэгтэй. Энэхүү шинэ хэрэгцээ, шаардлагад нийцсэн боловсон хүчин, мөн эрчим хүчний хариуцлагатай, ухаантай хэрэглээ бүхий иргэдийг багаас нь бэлтгэхийн ач холбогдол өндөр байна. Иймд, ялангуяа боловсролын чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай” гэв. 


    УИХ-ын дэд дарга Л. Энх-Амгалангийн хэлсэн парламентын бүтцэд Тогтвортой хөгжлийн зорилгын тусгай хороо бий болгосныг шинэлэг бөгөөд ач холбогдолтой гэдэгтэй бусад парламентын удирдлагууд санал нэгдэж, энэхүү туршлагыг өөрсдийн парламентад хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн онцлов. 

    Үгийнхээ төгсгөлд тэрбээр, ирэх онд болох Тогтвортой хөгжлийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн ээлжит хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах үүргийг хүлээснээ уламжилж, оролцохыг урив.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл