Цэс

Холбоо барих

Монгол Улсын соёлын элч Каваүчи Широг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2018.09.14) Монгол Улсын соёлын элч Каваүчи Широг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллаж буй ноён Каваүчи Широтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа хэлээд Монгол, Японы соёлын харилцаа, иргэд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг идэвхтэй сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж байгаад нь талархал илэрхийлэв. 

    УИХ-ын дарга М.Энхболд “Монгол, Япон улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааны сайхан уламжлалтай. Хүнд хэцүү цагт бидэнд тусалж, дэмжсээр ирсэн Японы Засгийн газар, ард түмэнд Монголын ард түмэн ямагт гүн талархалтай ханддаг. Сүүлийн өдрүүдэд Хоккайдод болсон байгалийн гамшигт үзэгдэлд хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол хүлээж байгаад нийт монголын ард иргэд эмгэнэн харамсаж байгаа. Ноён Каваүчи Широ Та байгалийн гамшигт өртсөн монгол иргэдэд тусалж, гал усны аюул, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хүмүүнлэгийн олон аян өрнүүлж, техник тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлдэгт бид талархаж байна” гэв. 


    Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан Япон Улсын иргэн Каваүчи Широгийн хувь нэмрийг нь үнэлж 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнасан. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсын иргэн Каваүчи Широд Монгол, Японы ард түмний харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр Монгол Улсын Соёлын элчээр томилж, Соёлын элчийн гэрчилгээг гардуулсан юм.  

    Хоёр  орны харилцааг хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг УИХ-ын дарга М.Энхболд хэллээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын урилгаар тус улсад айлчилсан талаараа дурдав. Мөн Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар 2017 оны долдугаар сард Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима манай улсад айлчилсан болохыг хэлэв. Хоёр орны парламент хоорондын харилцаа өргөжиж байгааг тэрбээр онцлоод, Монгол-Японы харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль эрх зүйн хувьд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хоёр улсын парламент анхаарч, бүх түвшний харилцаа хамтын ажиллагааг хялбаршуулан өргөжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр идэвхтэй ажилладаг болохыг дурдав. 

    Бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэрбээр тэмдэглэв. Монгол Улс гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж,  Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг болохыг онцоллоо.


    Монгол Улсын Соёлын элч Каваүчи Широ цаг зав гарган хүлээн авч уулзаж буй УИХ-ын дарга М.Энхболдод гүн талархал илэрхийлээд "Анх 2010 онд Хакухо М.Даваажаргалын танилцуулснаар Монгол Улсыг мэдэж, сайн дурын ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд хүмүүнлэгийн олон үйл ажиллагааг явуулж ирсэн" хэмээн танилцуулав. Тэрбээр соёл, спортын зарим төрлийг хөгжүүлэх чиглэлээр хоёр улсын иргэд хоорондын харилцааг дэмжих сэдвээр тодорхой саналыг танилцуулав. 

    Ирэх онд хоёр улсын хооронд “Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо” байгуулсны 45 жилийн ой тохиох юм. Энэ хүрээнд соёл, урлаг, иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлж, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлуудыг хоёр талдаа зохион байгуулна. Үүнд ноён Каваүчи Широ идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд илэрхийлээд, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүслээ. 


    Каваүчи Широ нь Японы Токушима мужийн худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн бөгөөд “Кансай Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийг байгуулан ажиллуулж байна. Тэрээр 2012 оноос Монголын язгуур урлагийг сурталчлан таниулах ажилд хүчин зүтгэсэн бөгөөд Японы баруун бүс нутгийн хотуудад монголын ардын урлагийн томоохон хэмжээний тоглолтуудыг өөрийн санхүүжилтээр зохион байгуулж, сүм хийд сэргээн засварлахад санхүүгийн дэмжлэг үзүүлж, түргэн тусламж, гал комманд, хогны машин зэргийг бэлэглэж, Улаанбаатар хотод бэйсболын талбай байгуулах зэргээр Монголын хүүхэд залуучуудын хөгжил, боловсролыг дэмжиж иржээ. 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2018.09.14

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл