Эмхэтгэлийн шинэ дугаарт Журам батлах, тогтоолын
хавсралтад өөрчлөлт оруулах тухай Монгол
Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.
“Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-ыг уг тогтоолоор баталсан бөгөөд инновацийн төсөл шалгаруулах, грант олгох, хэрэгжилтэд нь хяналт тавих, үр дүнг тооцох үйл ажиллагааг тэрхүү журмаар зохицуулах юм байна.
Инновацийн төсөл нь зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх, төслийг хэрэгжүүлэх маркетингийн болон бизнес төлөвлөгөөг боловсруулсан, зах зээлийн эрэлт хэрэгцээг судалгаанд суурилан тодорхойлсон, өрсөлдөгч бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал (техник, технологи, үнэ, өртөг, нэмүү өртөг шингээсэн байдал зэрэг)-уудыг бүрэн нотлон илэрхийлсэн байх, бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн байх зэрэг шаардлагыг хангах ёстой юм байн.
Харин төсөл хэрэгжүүлэгч гэрээнд заасан хугацаанд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргах боломжтойг нотолсон байх, төслийг амжилттай хэрэгжүүлэх хүний нөөц, санхүүгийн чадавхитай байх, аливаа хэлбэрийн санхүү, хөрөнгийн өр төлбөргүй байх юм байна.
Нэг төсөлд олгох грантын хэмжээ нь тухайн төслийн нийт санхүүжилтийн 40 хувиас ихгүй, 60.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байх бөгөөд үлдсэн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч нь бусад эх үүсвэр (өөрийн, банк, хөрөнгө оруулалтын сан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг)-ээс бүрдүүлсэн байх шаардлагатай ажээ.
Грантыг инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд үйлдвэрлэн нэвтрүүлэхэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгсэл худалдан авах, тээвэрлэх, суурилуулах, түүхий эд, материал, урвалж бодис, программ хангамж зэргийг худалдаж авах, тээвэрлэх, суурилуулах зэрэг үйл ажиллагаанд зарцуулах юм байна.
Түүнчлэн эмхэтгэлд Журам, жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ. Тогтоолоор “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”, “Аюултай хог хаягдлын жагсаалт”-ыг баталсан бөгөөд журмуудыг эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.