УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын хороо нийт 14 удаа, Ёс зүйн дэд хороо 2 удаа, Улсын Их Хурлын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо 2 удаа тус тус хуралдлаа.
Тайлант хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж ажиллав.
Тус байнгын хороо хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 4, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 18-ыг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар батлуулсан байна.
Мөн Байнгын
хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хурлын
Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайлан, Төрийн албаны зөвлөлийн
2017 оны үйл ажиллагааны тайлан, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн
хэрэгжилтийн тухай мэдээллийг сонсож, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр үүрэг, чиглэл өгсөн.
Түүнчлэн Улсын Их Хурлын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаар захирамжаар “Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий” ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсэг байгуулагдсан өдрөөс хойших хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
1/Ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн шийдвэрээр төслийн сэдэв тус бүрт хамаарах төслийг боловсруулах үүрэг бүхий 5 ажлын дэд хэсэг байгуулж, дэд хэсгүүд Зөвлөлдөх санал асуулгын үр дүнд дүн шинжилгээ, дүгнэлт хийж, гадаад, дотоодын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, 5 бүлэг асуудлаар нийт 22 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хувилбарыг боловсруулж, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын даргад танилцуулсан.
2/Улсын Их Хурлын даргад танилцуулсан 22 заалт бүхий төслийг Монгол Улсын Их Хурлын 2017 оны 39 дүгээр тогтоолын дагуу олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангасан. Тухайлбал, Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, мэдээлэл, лавлагааны албанаас хийсэн 86 харьцуулсан судалгаанаас төслийн зүйл, заалт бүрт холбогдох судалгааг түүвэрлэн эмхэтгэж, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар”-ыг боловсруулан боть хэлбэрээр хэвлүүлэн холбогдох сургалт, хэлэлцүүлгийн материалыг боловсруулан, сургагч багш нарыг бэлтгэсэн.
3/2017 оны 7-10 дугаар сарын хугацаанд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт 327,375 иргэнээс 5,584,832 саналыг хүлээн авсан.
4/Иргэдээс ирүүлсэн саналд ангилал, дүн шинжилгээ хийж, хамгийн өндөр давтамжтай гарсан иргэдийн саналд үндэслэн төслийг дахин боловсруулсан. Мөн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх дэгийн асуудал, цагалбар, төлөвлөгөө, ажлын болон дэд хэсгийн ажил, үүргийн хуваарь, хэлэлцүүлгийн шалгах хуудсыг боловсруулж, хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангаж ажилласан.
Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу төслийн үр нөлөөний үнэлгээг төслийн зорилт тус бүрээр үнэлэн, 100 хуудас бүхий тайланг боловсруулсан.
5/Ажлын хэсэг төслийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэгт танилцуулж, бүлгийн хурлаас гарсан санал, зөвлөмжүүдийг үндэслэн 7 чиглэл (зорилго)-ээр 28 заалт бүхий төслийг дахин боловсруулсан. Ингэхдээ 28 заалтаас 11 заалтыг тус бүр 3 хувилбартайгаар боловсруулсан.
6/Ажлын хэсэг төслийг 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Ардын Намын бүлэгт дахин танилцуулж, эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналын хувилбар боловсруулах ажлын дэд хэсэг”-ийг байгуулсан бөгөөд 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ажиллаж 53 заалт бүхий төслийн хувилбар санал болгосон.
7/Ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ардчилсан Намын бүлэгт 7 чиглэлээрх 40 заалт бүхий төслийг танилцуулж, Ардчилсан Намын бүлгээс гарсан санал, зөвлөмжийг судлан ажиллаж 7 чиглэлээр 42 заалт бүхий төслийг боловсруулсан.
Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийт, улс төрийн намын бүлгүүд, эрдэмтэн, судлаачдад танилцуулан хэлэлцүүлж, тэдгээрээс гаргасан саналуудад дүн шинжилгээ, холбогдох судалгааг хийж, төсөлд оруулах шаардлагатай өөрчлөлтийг тухай бүр тусгаж олон нийтэд ойлгомжтой энгийн хувилбараар болон хууль зүйн техникт оруулсан хувилбарыг тус тус боловсруулаад байна.
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Төрийн ордонд зохион байгуулав.