Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдсан хууль, тогтоомжийг иргэд, олон нийтэд үнэн бодитой, шуурхай, хүртээмжтэйгээр мэдээлж, сурталчлах зорилгоор УИХ-ын Тамгын газраас чуулган бүрээр эрхлэн гаргадаг ээлжит ном хэвлэгдлээ.
Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны танилцуулга номд чуулганы хугацаанд Улсын Их Хурал болон Байнгын, Дэд, Түр хороодын бүрэн эрхийнхээ хүрээнд хэрхэн ажиллаж, хэчнээн хууль тогтоолууд баталсан талаарх мэдээлэл, УИХ-ын хянан шалгах үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулгыг нийтэллээ. Мөн ээлжит чуулганы нээлт, хаалт дээр УИХ-ын даргын хэлсэн үг, УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийтэлсэн байна.
Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын нэгдсэн чуулган 27, Байнгын болон Дэд хороо, Түр хород нийт 101 удаа хуралдаж, бие даасан 17, хуульд өөрчлөлт оруулах тухай 67, нийт 84 хууль, Улсын Их Хурлын 50 тогтоол хэлэлцэн баталсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан Улсын Их Хурлын 30 гишүүн 91 асуудлаар 19 удаагийн асуулга, нэг асуулт тус тус тавьсан бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар долоон гишүүний нийт зургаан асуулгын хариуг сонсож, давхардсан тоогоор Улсын Их Хурлын 52 гишүүн 156 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн байна.
Олон нийтэд зориулсан уг номд УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганаар баталсан Улсын бүртгэлийн ерөнхий (Шинэчилсэн найруулга) хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай (Шинэчилсэн найруулга) хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай (Шинэчилсэн найруулга) хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Баяжуулсан хүнсний тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”, “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга зэрэг болон дээрх хууль тогтоомжийн талаарх инфографикууд нийтлэгдлээ.
Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын, Дэд хороодын хуралдааны талаарх тоон үзүүлэлт бүхий тойм, УИХ хянан шалгах чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаарх танилцуулга болон Байнгын хороодын үйл ажиллагааны мэдээллүүд, УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулга, асуултууд, хаврын чуулганаар баталсан хууль тогтоомжийн жагсаалт, батлагдсан хууль тогтоомжийн талаар иргэд, сонгогчдод цэгцтэй, бодитой ойлголт өгөх үүднээс бэлтгэсэн инфографик, холбогдох гэрэл зураг, бусад мэдээллүүд нийтлэгдсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.