Цэс

Холбоо барих

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөв

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон, хүндэтгэл үзүүлдэг.

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, олон нийтийн байгууллага, улс төрийн намуудын төлөөлөл, хэлмэгдэгчдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд өнөөдөр (2018.09.10) Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.


Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсч, үлээвэр хөгжимд гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.



Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш 20 жилийн хугацаанд уг хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач зээ 18 мянга гаруй иргэнд 16,3 тэрбум төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр (нөхөр) болох 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгож, нийт 357 иргэнд 3,3 тэрбум төгрөгийн орон сууц болон түүнтэй дүйцэх хэмжээний буцалтгүй тусламжийг олгосон байна.

Түүнчлэн төв, орон нутгийн салбар комиссууд өөрсдийн нөөц бололцоо, тухайн орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгээр хэлмэгдэгчид болон тэдний гэр бүлийн 14.340 иргэнд 215 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн байна.



Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлд тус хуулийн үйлчлэх хүрээг 1922-1990 оныг хүртэл гэж заасан байдаг бөгөөд энэ хугацаанд улс төрийн хилс хэрэгт 36 мянга гаруй иргэн хэлмэгдсэн гэж эрдэмтэн, судлаачид үздэг. Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, анхан шатны шүүхүүд өнөөг хүртэлх хугацаанд нийт 31230 гаруй хүнийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээжээ.



Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг 1998 онд баталсан бөгөөд 2002,2006,2009,2018 онд дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Энхболд нарын санаачлан, УИХ-аар батлуулсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар уг хуулийн үйлчлэх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан.


Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш улсын хэмжээнд нэхэмжлэлээ бүрдүүлж, эрх нь нээгдсэн 24 хүнд 21,5 сая төгрөгийн нөхөх олговор олгосон байна.

Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор хэлмэгдэгчдийн намтрын 40 гаруй судалгааны ном товхимол, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн намтрын товчоон” 20 боть ном, 30,378 хэлмэгдэгчдийн мэдээллийг багтаасан улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалын “Цагаан ном” 4 боть ном зэргийг тус тус хэвлүүлэн олны хүртээл болгосон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл