ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2014 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДРИЙН
05 ДУГААР ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЭСЭХ АСУУДЛААР
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН
САНАЛ, ДҮГНЭЛТ
2014 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 07-ны өдөр хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
О.Баасанхүү
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар, Х.Тэмүүжин нар хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолын өвчин нь хувь хүний эрүүл мэндийн нууцлалд хамаарах нь зүйтэй, уг мэдээлэл ил болсон нь хувийн нууцын хамгааллын эрх зүйн дэглэм хөндөгдөхөд хүрч байгаа тул Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байсан болно.
Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын “... . Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, ...-ыг хуулиар хамгаална;” мөн зүйлийн 17 дахь заалтын “... . Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-ыг хангах зорилгоор задруулж үл болох … хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэсэн Yндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоол болон Хувь хүний нууцын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэн, баталж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Д.ГАНБАТ