Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.01) хуралдаан 16 цаг 42 минутад гишүүдийн 63,2 хувийн ирцтэйгээр эхэлж дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/ 2019 онд 9,676.5, 2020 онд 10,713.5 , 2021 онд 11,844.7 буюу Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2019 онд 27.48, 2020 онд 26.4, 2021 онд 26.4, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 2019 онд 11,589.8, 2020 онд 12,393.6, 2021 онд 12,901.1 буюу ДНБ-д эзлэх хувь 2019 онд 32.8, 2020 онд 30.6, 2021 онд 28.7, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/ 2019 онд -1,913.3, 2020 онд -1,680.1, 2021 онд -1,056.4 буюу ДНБ-д эзлэх хувь 2019 онд-5.4, 2020 онд -4.1, 2021 онд -2.4, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/ 2019 онд 3,251.8, 2020 онд 3,100.2, 2021 онд 2,927.3 буюу ДНБ-д эзлэх хувь 2019 онд 9.2, 2020 онд 7.6, 2021 онд 6.5, Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/ 2019 онд 19,551.6, 2020 онд 19,390.8, 2021 онд 18,383.6 буюу ДНБ-д эзлэх хувь 2019 онд 55.3, 2020 онд 47.8, 2021 онд 41.0 хувь байхаар тус тус тусгажээ.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиудтай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим дэд заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат нар үг хэлж, асуулт асуун Ажлын хэсгээс хариулт авсан. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулахаар болов.
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Хуралдаан Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд ийн гурав дахь хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Нэгдсэн хуралдаанд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт олонхын дэмжлэг авсан саналуудыг тусгасан хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан асуулт асууж, хариулт авсан. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулахаар боллоо.
Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд болон Ажлын хэсгээс тогтоолын төсөлд дэд заалт нэмэж, хасах, төслийн заалтыг өөрчлөн найруулахаар зарчмын зөрүүтэй санал гаргасныг томьёолол бүрээр санал хураалт явуулав.
Тухайлбал, тогтоолын төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд шинээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид заасан журмыг мөрдөж ажиллах” гэж “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр дутагдсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”, “хүүхдийн хөгжил, хамгааллын үйл ажиллагаанд зарцуулахаар баталсан хөрөнгийг хүүхэд хамгааллын чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг дэмжих, гэр бүлийн орчин, эрүүл мэнд, боловсрол, хэвлэл мэдээлэл, олон нийтийн үйл ажиллагаа дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр зарцуулах” гэсэн дэд заалт нэмэх санал тус тус дэмжигдэв. Мөн тогтоолын төслийн нэг дэх заалтын 1,2,3 дахь дэд заалтыг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны төсөвт хөдөө аж ахуйн экспортыг дэмжих талаар санал хүргүүлснийг танилцуулж тогтоолын төсөлд “экспортод чиглэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг барьж байгуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар судалж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа УИХ-д танилцуулах” гэсэн Засгийн газарт чиглэл өгсөн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.