Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14 тоот тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Номын сангийн тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14.50 цагаас Төрийн ордны “В” танхимд болов.
Ажлын хэсгийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Отгонбаяр удирдаж, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Г.Баярсайхан, Д.Сарангэрэл, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Баянзул, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн хэлтсийн дарга Д.Гэрэлчулуун, мэргэжилтэн С.Батцэцэг, Б.Баяраа, Үндэсний номын сангийн захирал А.Нансалмаа, дэд захирал Д.Бямбасүрэн, Монгол уламжлал академийн тэргүүн Л.Дашням, Монголын номын сангуудын консорцумын захирал Х.Хайдав болон тус Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.
Хуралдаанаар Номын сангийн тухай хуулийн төслийн талаарх ажлын дэд хэсгийн зарчмын болон найруулгын чанартай саналын томьёоллоор санал хураалт явуулж, Ажлын хэсгийн гишүүдийн олонх нь дэмжив. Ажлын хэсгийн гишүүд зарим саналын томьёоллоор Ажлын дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.
Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл уран бүтээлч, эрдэмтэн судлаачид улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бус өөрийн хөрөнгөөр оюуны бүтээл, туурвил, ном зохиолоо хэвлүүлсэн тохиолдолд заавал хоёр хувийг Үндэсний номын сан авдаг нь тухайн хүний оюуны өмчийн эрхийг хөндөх, ном зохиолыг нь худалдаж авах мөнгийг номын сангийн төсөвт тусгах, сайн дураараа өгөх эрхийг нээлттэй байлгах зэрэг саналыг хэлэв. Үндэсний номын сангийн захирал А.Нансалмаа шинээр хэвлэгдсэн ном зохиолоос хоёр хувийг авах нь үндэсний номзүй болон мэдээллийн санг бүрдүүлэх, мөн түүнчлэн үндэсний номын сангийн өв сангаа арвижуулах, хойч үедээ өвлүүлэн уламжлуулахад чухал ач холбогдолтой тухай дурдаад дэлхийн зарим улс орнууд энэ талаар тодорхой хуулийн зохицуулалт хийж өгсөн байдаг гэв.
Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр улсын хэмжээнд жилдээ хэвлэгдэж буй ном зохиолын тоо, худалдаж авахад шаардагдах төсөв мөнгөний тооцоо, судалгаа хийх, зарим саналын томьёоллын үг, найруулгыг нягтлан шалгахыг Ажлын дэд хэсгийн гишүүдэд үүрэг болгов.
Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагт өндөрлөв.
НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА