Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг ДЭМБ-ын төлөөлөлтэй уулзав

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн сүрьеэ, лепрозын хэлтсийн зохицуулагч Таухид Ислам, ДЭМБ-ын Женев дахь төвийн мэргэжилтэн Нобуюки Нишикиори тэргүүтэй төлөөлөгчдийг  “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ” УИХ-ын лобби бүлгийн ахлагч, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё. Баатарбилэг өнөөдөр (2018.10.31) хүлээн авч уулзлаа. 


Уулзалтын үеэр ДЭМБ-ын зүгээс Монгол Улс сүрьеэгийн асуудлыг өндөрт авч үзэж, Ерөнхий сайд болон УИХ онцгой анхааран УИХ-ын лобби бүлэг байгуулсанд талархаж, цаашид тус бүлэг идэвхтэй байж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллана гэдэгт итгэж байгаагаа уламжиллаа.Халдварт өвчний сэргийлэлт, хяналтын тухай хуулийг санаачлах, сүрьеэтэй тэмцэхэд ганц эрүүл мэндийн салбар бус бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааны хариуцлагын баримт бичиг боловсруулж, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болохыг ДЭМБ-ын төлөөлөгчид онцолсон юм.


“СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ” УИХ-ын лобби бүлгийн ахлагч  Ё.Баатарбилэг  2020-2021 онд сүрьеэгийн эмнэлэгтэй болох зорилго тавьж, энэ төрлийн өвчний тухай хууль эрх зүйн орчинг сайжруулах тухайд  Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, лобби бүлэг онцгой анхааран ажиллаж байгаа гэлээ.  Мөн тэрбээр, ДЭМБ-тай сүрьеэгийн асуудлаар санамж бичиг байгуулан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүний энэ хүсэлтийг ДЭМБ-ын төлөөлөгчид дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл