Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран Эм, эм хангамжийн байгууллагуудын удирдлагуудтай Төрийн ордны “Б” танхимд ажил хэргийн уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
Уулзалтад Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Ганбаатар, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар болон тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд оролцож, харилцан санал бодлоо солилцов.
Уулзалтад оролцогчид эмийн талаарх эрх зүйн орчныг сайжруулах, хүнс болон эмийн асуудал хариуцсан агентлагыг шинээр байгуулах, хяналтын механизмыг илүү боловсронгуй болгох, эмийн зохистой хэрэглээний талаар хэрэглэгчдэд түлхүү мэдээлэх, хуурамч эмийн тухай ойлголтыг нэг мөр болгох, эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, эмийн салбарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах нь зүйтэй гэж үзэв.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ уулзалтыг дүгнэж хэлэхдээ тус Байнгын хороо Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран Ажлын хэсэг байгуулж ажиллуулахаас гадна эмийн зохистой хэрэглээний талаарх нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахдаа холбогдох мэргэжлийн байгууллагуудыг урьж, хамтран ажиллах болно гэлээ.
НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА