Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

    Шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг угтан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2018.11.10/  Улаанбаатар хотын 9 дүүрэг, 330 суманд зэрэг эхэллээ. 

    Тэмцээний Ерөнхий зохион байгуулагч Улсын Их Хурлын Тамгын газар, хамтран зохион байгуулагч Монголын шатрын холбооны төлөөлөл Багануур дүүргийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцлоо. Багануур дүүргийн хувьд эрэгтэй 36, эмэгтэй 22 шатар сонирхогчид тэмцээнд оролцож байна. Тэд 7 өрөг тоглож аваргаа шалгаруулах юм.




    Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд анхны тэмцээнд Багануур дүүргийн иргэн Ц.Нямдаваа мөнгөн медаль хүртэж байжээ. Энэ жил тус дүүрэг амжилтаа ахиулах зорилго тавьж, залуу шатарчид гарч ирсэн гэдгийг онцолж байсан юм. Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн ийнхүү эхэлж байгаа бол хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 12 дугаар сарын 08-09-нд, улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн 2019 оны 1 дүгээр сарын 05-06-нд Төрийн ордонд болох юм.




    Өнгөрсөн жилийн тэмцээнд 6830 гаруй шатарчин оролцсон. Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2100-аас дээш гараагүй сонирхогчид оролцож байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл