Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.13) хуралдаан 12 цаг 08 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, "Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээ"-ний талаарх Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонслоо.
Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар танилцуулав.
Тэрбээр, танилцуулгадаа, 2008 оноос “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” батлагдан хэрэгжиж байна. 2008-2012 оны хооронд 42,6 мянган иргэн ипотекийн зээлийн журмын дагуу орон сууц авсан. 2013-2016 оны хооронд 76 мянган иргэн орон сууц худалдан авсан байна. 2016 оноос Монгол Улс эдийн засгийн хямрал, хүндрэлийн улмаас ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан тул ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ буурсан. ОУВС 2019 оноос эхлэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг цаашид Засгийн газрын мэдэлд шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн.
2017 оны улсын төсвөөс 111.0 тэрбум төгрөг, 2018 онд 120 тэрбум төгрөгөөр ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Ипотекийн зээл нь улсын төсөв, Монголбанк, арилжааны банк гэсэн гурван эх үүсвэрээс санхүүжиж байгаа. Энэ оны эхний 10 сарын байдлаар арилжааны банкны эх үүсвэрээс 248.4 тэрбум төгрөгөөр 3798 иргэнд зээл олгосон бол Монголбанкны эргэн төлөлт, улсын төсвөөс 236 тэрбум төгрөг гаргаж 3578 иргэн орон сууцтай болжээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар хөтөлбөрийн зээлийн санхүүжүүлтэд 448.4 тэрбум төгрөг гаргаж, 7300 иргэн орон сууцтай болсон. Оны эцэс гэхэд энэ тоо нэмэгдэж, өнгөрсөн жилийнхтэй адил 10 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдана гэж үзэж байгаагаа салбарын сайд танилцуулгадаа онцолж байлаа.
Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, О.Баасанхүү нар асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн нэмэгдүүлэх, зорилтод бүлгийг орон сууцжуулах талаар баримталж байгаа бодлого, ипотекийн зээлийн хүүг бууруулах боломж байгаа эсэхийг илүүтэй тодруулсан.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариултдаа, ОУВС-аас ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2019 оноос эхлэн Засгийн газрын мэдэлд шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Гэвч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын улмаас Засгийн газар энэ асуудлыг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй тул Монголбанк 2008 оноос хэрэгжүүлж байгаа уг хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болоод байгааг онцлов. Мөн тэрбээр, өнөөдрийн байдлаар Монголбанк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөг, Засгийн газраас 110 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийснээр сардаа 30 тэрбум төгрөг арилжааны банкуудад очино. Монголбанк зээлийн хүүгээ 4 байсныг 1 хувь болгосноор арилжааны банкны санхүүжилтийн эх үүсвэр хямдарна. Ингэснээр арилжааны банкууд ипотекийн зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлж 200 тэрбум төгрөгт хүргэвэл сардаа 50-60 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарч, зээлийн хүртээмж нэмэгдэх юм гэж байлаа. Түүнчлэн ипотекийн зээлийн эрэлтийг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлсний дараа зээлийн хүүгийн хувийг багасгах алхамыг хийж болно гэж байлаа.
Барилга, хот байгуулалтын яамнаас “Улсын төсвөөс санхүүжих орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам”-ыг боловсруулж, Засгийн газарт өргөн барих гэж байна. Уг журмаар ипотекийн зээлийг анх удаа авах гэж байгаа иргэд, гэр хорооллын өрхийг орон сууцжуулах, ашиглалтын хугацаа дууссан орон сууц, амины орон сууцаа инженерийн шугам сүлжээнд холбоход иргэдийг бодлогоор дэмжихээр тусгасан гэдгийг салбарын сайд Х.Баделхан хариултдаа онцолсон. Өнгөрөгч тавдугаар сард Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлээр орон сууц авах хүсэлт гаргасан иргэдийн дунд судалгаа хийхэд нийслэлд урьдчилгаа 30 хувиа төлөөд зээлд хамрагдах 33 мянга, орон нутагт 14 мянган иргэн байгаа аж. Иймд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд тогтоолын төслийг боловсруулсан гэж Х.Баделхан сайд хэлж байсан.
Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57,1 хувийн саналаар дэмжлээ.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Үргэлжлүүлэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаар төсөл санаачлагч гишүүн Д.Дамба-Очир танилцуулсан.
Улсын Их Хурлаас 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталснаас хойш 2013 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 50 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц, 2017 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 50 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 10 МВт-ын хучин чадалтай нарны цахилгаан станц тус тус ашиглалтад өгөөд байна. Өнөөдрийг хүртэл нийт 120 МВт-ын нар, салхины цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж, нэгдсэн сүлжээнд холбоод байна. Энэ хугацаанд Эрчим хүчний зохицуулах хорооноос нарны эрчим хүчний цахилгаан станц байгуулахаар ажиллаж буй 29 компанид 727 МВт-ын, салхины эрчим хүчний цахилгаан станц байгуулахаар ажиллаж буй 5 компанид 502.4 МВт-ын, ус болон биомасс, бусад эрчим хүчний чиглэлээр ажиллаж буй 5 компанид 299.4 МВт-ын нийт 39 компанид 1528.8 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих тусгай зөвшөөрлийг олгосон байна. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1524 МВт болж, одоо байгаа хүчин чадлаас 1200 МВт-аас давж гарахаар харагдаж байгаа тул уг хуулийн төслийг боловсруулсан гэж Д.Дамба-Очир гэж танилцуулгадаа дурдав.
Өнөөдөр 1 кВт.цаг тутамд 130-300 төгрөг болж байгаа бөгөөдд энэ зөрүүг Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд заасан дэмжих тарифаар хэрэглэгчийн эрчим хүчний төлбөрт тусгаж сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдэд олгож байна. Хуулийн төсөлд дамжуулах сүлжээнд холбогдсон нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний худалдаж авах тарифын дээд хязгаарыг 12 ам.цент хүртэл, салхины эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг худалдаж авах тарифын дээд хязгаарыг 8 ам.цент хуртэл байхаар тусгажээ. Түүнчлэн хуулийн төсөлд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд техникийн асуудлыг анхаарч үзэх, үнээр өрсөлдүүлэх буюу тендер зарлах зохицуулалтыг оруулсан байна.
Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барьж байгуулах төсөлд хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэж, тусгай зөвшөөрөл авах хүсэлт олноор ирэх болжээ. Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барьж байгуулах тусгай зөвшөөрөл авч, үнэ тарифаа батлуулан, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээгээ байгуулсан хэдий ч төлөвлөсөн хугацаандаа үүсгүүрээ ашиглалтад оруулахгуй, цаашлаад тухайн төслөө хэрэгжүүлэх бус бусдад худалдах замаар ашиг олох байдал гарч эхэлжээ. Иймд хуулийн төсөлд төсөл хэрэгжүүлэгч компани санхүүгийн чадавхитай байх ёстой гэсэн заалтыг оруулсан. Мөн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг хэрэглэх байдал нэмэгдэж байгаатай холбогдуулан үнэ, тариф, урамшууллын тогтолцоог бий болгох шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Х.Болорчулуун, М.Оюунчимэг, Б.Баттөмөр нар асуулт асууж, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон төсөл санаачлагч гишүүн Д.Дамба-Очир нар хариуллаа.
Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.