Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын болон дэд хороо өнөөдрийн (2018.11.06) хуралдаанаараа хэлэлцлээ.
Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналд, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн тухай дурджээ.
Иймээс холбогдох хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд тавьсан байна.
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо:
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо 19 цагт 100 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр тогтов.
Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хэдийгээр төрийн нууцад хамраарахгүй ч гэлээ мөрдөн байцаалттай холбоотой асуудал яригдах учраас Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасныг дэд хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэн тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм.
Дэд хорооны хуралдаанд Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Энх-Амгалан саналаа танилцуулжээ.
Хууль зүйн байнгын хороо:
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 21 цаг 04 минутад 55.6 хувийн ирцтэй хуралдаж, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхээр болов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболдын гаргасан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттай хэлэлцэх горимын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн тул хуралдаан хаалттай горимоор үргэлжилсэн юм
Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын санал, уг асуудлыг хэлэлцсэн талаарх Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг сонссон байна.
Төрийн байгуулалтын байнгын хороо:
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 21 цаг 42 минутад 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, уг асуудлыг хэлэлцэхээр болов.
Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан өмнө нь хуралдсан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн тул тус Байнгын хороо ч мөн адил асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан юм. Гишүүний гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн тул Байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.
Байнгын хорооны хуралдаанаар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын санал, уг асуудлыг хэлэлцсэн талаарх Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг сонссон байна.
Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.