Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.17) хуралдаан 15 цаг 26 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлэлцэх асуудлыг танилцуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нэр бүхий 15 гишүүний хамт өргөн мэдүүлсэн Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасан.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход 228.000 хүүхэд нэмэгдэж 41.04 тэрбум төгрөг нэмэх шаардлагатай болно. Нийт хүүхдийн 90 хувьд олгоход 342.000 хүүхэд нэмэгдэж 61.56 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарч байна. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоход 10 орчим хувь нь хүүхдийн мөнгөө огт авдаггүй. Иймд хүүхдийн мөнгийг “Хүүхдийн мөнгө” авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд өгөх саналтай байна. Ингэж олгоход нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах тооцоо гарсан тул тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 8,888.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.6 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 10,993.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь байхаар тус тус тооцож нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,105.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 6.1 хувийн алдагдалтай байхаар баталсан. Гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний төлөв болон ирэх 2019 онд Засгаас газраас авч хэрэгжүүлэх Гааль, татварын шинэчлэлийн бодлогын хүрээнд татварын бааз суурийг нэмэгдүүлэн, төсвийн орлого бүрдүүлэлтийн бүхий л боломжийг бүрэн дайчилснаар төсвийн орлого нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Түүнчлэн, эдийн засгийн идэвхжилийг дэмжих, эрэлтийг тэлэх зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулан өрхийн бодит орлогыг дээшлүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын улмаас төсвийн нийт зарлага ч өсөхөөр байгаа аж. Энэ нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх нөхцлийг бий болгожээ. Үүний дагуу холбогдох өөрчлөлтийг тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9,676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 11,589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,913.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий –5.4 хувьтай байхаар байна гэж төслийн танилцуулгад дурджээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн УИХ-аар татварын багц хуулийг батлуулна гэж тооцож хуулийн төслийг өргөн барьсан эсэхийг тодрууллаа. Сангийн сайд, Засгийн газраас татварын багц хуулийг өргөн бариад, УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Татварын багц хуулийн төслийг боловсруулахдаа иргэд болон бизнес эрхлэгчдийн дунд үе шаттай хэлэлцүүлэг зохион байгуулж, тэд ч татварын багц хуулийг батлагдахыг хүлээж байна. Иймд татварын багц хуулиудыг батлагдана гэж тооцоолж, төсвийн талаарх хуулийн төслийг боловсруулсан гэж хариулав.
Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.
Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Дараа нь Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хууль, тогтоолын төслүүдийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, М.Билэгт нар асуулт асууж хариулт авав. Гишүүдийн зүгээс Малчин, хувиараа хөдөлмөр эрхчлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, 2019 онд хэрэгжих байсан хуулийн хугацааг дахин нэг жилээр хойшлуулсан шалтгааныг илүүтэй тодрууллаа.
Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нэмэгдүүлсэн арга хэмжээ авахгүй байхаар тохирсон. Иймд хөтөлбөрийн агуулгатай зөрчилдөх тул Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг “2020 оны” хэрэгжүүлэхээр хугацааг нь хойшлуулахаар төсөлд тусгасан хэмээн Сангийн сайд хариулав.
Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Ж.Мөнхбат, М.Билэгт, Д.Тогтохсүрэн нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар эргэн харж, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх орлого төвлөрүүлэх хугацааг 2019 он болгох зэргээр гарц гаргалгаа хийх шаардлагатай гэдэгт санал нэгтэй байгаагаа илэрхийлэв.
Ингээд хууль, тогтоолын төслүүд нэг бүрээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.