Цэс

Холбоо барих

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхээр болов


Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.10.18) нэгдсэн хуралдаан 10 цаг 07 минутад 52.3 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлуудаа тогтлоо.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Эдгээр хууль тогтоомжийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав.


Хууль санаачлагч илтгэлдээ, Засгийн газраас 2019 онд хэрэгжүүлэх төсвийн бодлогын хүрээнд төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд орон нутгийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөж, үр дүнг нь Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлд тусгаад байгааг дурдав.

Тухайлбал, орон нутгийн засаг захиргааны зүгээс өөрийн өмч хөрөнгөө зөв зохистой, үр ашигтай удирдах, ашиглах, хамгаалах боломж, бүтээлч санаачилга хомс, дээрээс хуваарилсан төсвийг хэмнэх хүсэлгүй байгаа нь үр ашиггүй хөрөнгө оруулалт, урсгал болон их засварын зардлыг сүүлийн жилүүдэд эрс нэмэгдүүлж байна. Иймээс өмчийн ашиглалт, хамгаалалт, үр ашгийг сайжруулах зорилгоор сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байр ашиглалттай холбоотой зардлыг орон нутагт хариуцуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ үндсэн дээр орон нутгийн өмчийн ашиглалт, хамгаалалт, үр ашгийг сайжруулах зорилгоор орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, хүүхдийн байгууллага, газар зохион байгуулалтын албаны байр ашиглалтын зардал /халаалт, гэрэл цахилгаан, цэвэр бохир ус, түрээс, урсгал засвар үйлчилгээг/-ыг орон нутагт хариуцуулан нийтдээ 138.1 тэрбум төгрөгийн зардлыг тухайн орон нутгийн суурь зардалд улсын төсвөөс шилжүүлэхээр тооцоод байна. Дээр дурдсан үндэслэлээр Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30 дахь заалтад орон нутгийн суурь зардлын бүрэлдэхүүнд нэмэлт оруулах, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2 дахь хэсэгт нийслэл болон аймгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэгт нэмэлт оруулах зохицуулалт хийнэ. Түүнчлэн Боловсролын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлүүдэд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн байр ашиглалтын тогтмол зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх зорилгоор холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулна гэлээ.

Мөн орон нутаг дахь соёл, урлаг, спортын чиг үүргийг тухайн орон нутаг бие даан хэрэгжүүлэх боломж бүрдүүлнэ. Энэ үүднээс орон нутгийн музей, соёлын төв, номын сан, театр, биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагааны урсгал зардал (тогтмол болон хувьсах)-ыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, шаардагдах 40.5 тэрбум төгрөгийг орон нутгийн суурь зарлагад нэмж тусгахаар тооцсон. Соёл, урлаг, спортын чиг үүргийг орон нутагт шилжүүлснээр тухайн орон нутгийн онцлог, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн оновчтой, үр дүнтэй үйл ажиллагаа, үйлчилгээ явуулах боломж бүрдэх юм. Ийм үндэслэлээр Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2 дахь хэсэгт заасан аймаг, нийслэлийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэгт орон нутгийн соёл, нийтийн биеийн тамирыг нэмж оруула, мөн Соёлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт соёлын чиг үүргийг улсын төсвөөс гадна орон нутгийн төсөв хариуцахаар тусгаснаа хэллээ.

Өөр нэг зохицуулалт нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг 2019 оноос эхлэн орон нутагт шилжүүлэхэд чиглэж байгаа аж. Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.7 дах заалтад “ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрлийн төлбөр”-ийн орлогыг Улсын төсвийн татварын орлогын бүрэлдэхүүнд тусгасан. Энэхүү эх үүсвэрийн 50 хувийг Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.7-д заасны дагуу аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд хуваарилах хуулийн зохицуулалттай бөгөөд энэ нь 2020 оноос эхэлж мөрдөгдөх учиртай. Иймээс хуулийн хэрэгжилтийг нэг жилээр наашлуулж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг 2019 онд, үлдэх 50 хувийг 2020 онд буюу нийтдээ 100 хувь тухайн хайгуулын талбай оршиж байгаа тухайн орон нутгийн төсөвт шилжүүлэх зохицуулалтыг хийнэ. Харин ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн орлогын 50 хувийг тухайн олборлолт явагдаж байгаа орон нутгийн төсөвт 2020 оноос эхэлж шилжүүлнэ. Энэхүү зохицуулалтыг Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.7-д өөрчлөлт оруулах байдлаар хийхээр тусгаад байгаа аж.

Түүнчлэн зарим хуулийн хэрэгжилтийг хойшлуулах зохицуулалт хийхээр тусгасан байна. Тухайлбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хуулийн хэрэгжилтийг хоёр жилээр хойшлуулах, энэ зорилгоор Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн 9.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 71.5 дахь хэсэг болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт заасан хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Мөн Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах зорилгоор “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолыг батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд төсвийн сахилга батыг чангатгах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг төсвийн оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд төсвийн орлого нэмэгдэж, алдагдал, өрийн хэмжээ төлөвлөж байснаас хурдацтай буурч байна. Эдийн засагт өсөлт гарч, төсвийн үндсэн үзүүлэлт сайжирч байгаа тул олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудтай удаа дараа хэлцэл хийж тохирсны эцэст иргэдийн орлогын баталгааг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэх боломж бүрдсэн.

Иймээс 2019 оны төсөвт цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг тусгаж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн “4/ төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх; 5/төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгах;” гэснийг хүчингүй болгохоор тусгасныг Сангийн сайд дурдлаа.


Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн эдгээр хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Мөнхбат, О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил, М.Билэгт, Н.Учрал, Д.Тэрбишдагва, Г.Мөнхцэцэг, Ж.Ганбаатар, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Д.Ганболд нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм.

Төвлөрийг сааруулах, орон нутгийг бие даалгах чиглэлээр Засгийн газраас цаашид ямар бодлого, чиглэл барьж ажиллаж байгаа талаарх гишүүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өгсөн хариултдаа, Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бодлогын шинжтэй зарим асуудал тусгагдсан байгаа. Мөн орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр агаарын бохирдлын төлбөр болох хөрөнгө мөнгөний 50 хувийг, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг ирэх оноос, үлдэх 50 хувийг 2020 оноос орон нутагт шилжүүлэх, мөн газрын тосны орлогын 30 хувийг тухайн орон нутагт нь үлдээнэ. Ер нь орон нутаг өөрсдөө орлогоо олж бүрдүүлдэг, олсон орлогоо өөрсдөө мэдэж зарцуулдаг, бие дааж хөрөнгө төсвөө шийддэг байх зарчмыг цаашид барьж ажиллана гэдгээ хэллээ. Түүнчлэн 2019 онд хийх улсын төсвийн хөрөнгө оруулалт нь Улаанбаатар хотын ерөнхий боловсролын дунд сургуулиудыг гурван ээлжгүй болгох, цэцэрлэгийн насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад голлон чиглэж байгаа. Бусад төсөл хөтөлбөрүүдийг гадны зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Татвар төлөгчдийн мөнгийг хамгийн оновчтой, үр ашигтай зүйлд л зарцуулна, хувийн хэвшил амжилттай хийж хэрэгжүүлж байгаа салбар руу төр оролцоод байх шаардлага байхгүй гэсэн зарчим барьж байгааг дурдлаа.


Мөн гишүүдийн асуултад Засгийн газрын зарим гишүүд нэмэлт тайлбар, тодруулга өгсөн юм. Тухайлбал, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, өмнө нь хэрэгжүүлж байсан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль алдагдалтай байдлаар хэрэгжиж ирсэн байдаг. Гол нь нийгмийн даатгалын сангийн алдагдлыг огцом нэмэгдүүлэхгүй байх, алдагдлыг аажмаар бууруулаххад анхаарах зайлшгүй шаардлага тулгарч байна. Түүнчлэн цаашид малчдыг нийгмийн даатгалын шимтгэлд бүрэн хамруулах шаардлагатай байгаа. Одоогоор 300-гаад мянган малчдын дөнгөж 20 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, үлдсэн 80 хувь нь нийгмийн хамгааллын бодлогын гадна үлдэхэд хүрээд байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олж байгаа иргэнийг малчин нэрлэж байгаа. Туслах малчин нь малчин гэдэгт хамаарна гэлээ. Харин тэтгэврийн насны тухайд өндөр насны тэтгэвэрт гарах насыг тодорхой хугацаагаар нэмсэн ч гэлээ иргэн өөрөө хүсвэл эмэгтэй 55, эрэгтэй 60 настайдаа тэтгэвэр тогтоолгох эрх нээлттэй, хуулийн ийм зохицуулалт хэрэгжиж байгааг нэмж тодотголоо.   


Дараа нь эдгээр хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, М.Билэгт, Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Ц.Гарамжав, М.Оюунчимэг нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд орон нутгийн бие даасан байдлыг хангах, хөрөнгө санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн зарим зохицуулалт хийхээр оруулж ирж буйг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлж байв. Түүнчлэн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, үргүй зардлыг багасгахад анхаарах шаардлагатайг зарим гишүүд онцолж байлаа.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 41 нь буюу 77.4 хувь нь Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул хуулийг төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороодод шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл