Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11 тоот тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14.30 цагаас Төрийн ордны “В” танхимд боллоо.
Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ё.Отгонбаяр, Д.Сумъяабазар, Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх Р.Бат-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтэн М.Баасанжав, А.Цолмон, Боловсролын их сургуулийн боловсролын судлалын сургуулийн багш С.Батхуяг болон тус Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцов.
Хуралдаанаар Ажлын дэд хэсгээс гаргасан Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын талаарх Улсын Их Хурал дахь АН, МАН-ын бүлгүүдийн нэгдсэн байр суурь болох 10 асуудлыг нэгбүрчлэн хэлэлцэж, харилцан санал бодлоо солилцлоо.
Эдгээр 10 асуудлыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд 2 асуудлаас бусдыг нь бүлгийн гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Ажлын дэд хэсгээс гаргасан саналын томьёолол болон эдгээр 10 асуудлыг Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлсэний дараа Ажлын хэсгийн гишүүдийн дунд санал хураалт явуулах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар төслийн талаарх зарчмын зөрүүтэй 10 саналын томьёоллыг нэгбүрчлэн танилцуулж, Ажлын хэсгийн гишүүдийн саналыг авлаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа эдгээр саналын томьёоллыг дэмжиж байгаа ч АН-ын намын бүлэг дээр дээрх асуудлыг сайтар ярилцах хэрэгтэй гээд бодлогод сургууль, цэцэрлэгийн барилгын асуудлыг багасгах, харин хүүхдийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс 50 хувь хариуцдаг болох, харин эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хоолны зардлыг 100 хувь төр хариуцах нь илүү оновчтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Одоогийн цэцэрлэгт өгч байгаа хоол тэжээл нь норматив үзүүлэлтийг хангахгүй байгаа талаар эцэг эхээс гомдол ихээр ирэх болсон, хэрэв эцэг эх нь хоолны мөнгөний зохих хувийг өгвөл энэ нь эргээд тэдний зүгээс тавих хяналт шалгалтыг сайжруулна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр төр хүүхдийн хоолны зардлын 50 хувийг хариуцдаг болохыг манай намын бүлэг эсрэг байр суурьтай байгаа, энэ нь эргээд нийгэмд сөрөг үр дагаврыг үүсгэж магадгүй, бид эдийн засгийн хямралаас гарахдаа заавал хүүхдийн хоолны зардлыг багасгах замаар биш, харин өөр тэвчиж болох зардлуудыг багасгах зүйтэй гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Ё.Отгонбаяр нар хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг төр хариуцдаг болвол хэдий хэмжээний төсөв мөнгө хэмнэх болон Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн хаана илүү нийгмийн эмзэг хэсэг байгаа талаар нарийвчилсан судалгаа хийхийг Ажлын дэд хэсгийн гишүүдэд үүрэг болгов.
Ажлын хэсгийн гишүүд төсөлд сургуульд элсэх насыг иргэдийн хэрэгцээнд тохируулан уян хатан болгох гэсэн нэмэлт санал дээр нэлээд ярилцлаа. Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр залуу гэр бүл 6 настай хүүхдээ сургуульд өгч байгаа, энэ талаар судалгаа хийх шаардлагатай, хөдөө орон нутагт гэр бүлийн асуудал болж хувирч байгааг онцлон тэмдэглэв. Гэхдээ энэ асуудалд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд эсрэг байр сууриа илэрхийлж, аль болох хүүхдийг 6 настайгаас нь эхэлж сургуульд оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Ажлын хэсгийн гишүүдээс дээрх 10 асуудлаар гаргасан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлсэний дараа ажлын хэсэг дээр ярилцах нь зүйтэй гэж үзлээ.
Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагт өндөрлөв.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын алба