Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 37 дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.

Уг тогтоолоор “Нэг иргэн-нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийг баталсан байна.

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн хадгалалт, хамгаалалт, цахим сүлжээний хэвийн ажиллагааг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд нээлттэй, хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, иргэний үнэмлэхийн цахим санах ойд тоон гарын үсэг суурилуулан төрийн болон төрийн бус байгууллагаас үйлчилгээ авах, хэрэглээг нэмэгдүүлэх, Монгол Улсад хаягийн нэг стандарт, нэгдсэн санг бий болгох, түүнд суурилсан бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх зэрэг шаардлагыг үндэслэн “Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөрийг боловсруулан баталжээ.

Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, эх нотлох баримтыг бүрэн цахимжуулж, цахим хэрэглээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, төрийн ой санамжийг бэхжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршиж буй бөгөөд хөтөлбөрийн зорилгын хүрээнд бүртгэлийн байгууллагын хэмжээнд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, програм хангамжийг шинэчлэх, сайжруулах, архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангаж, эх нотлох баримтыг бүрэн цахимжуулах, дэд бүтцийг шинэчлэн зохион байгуулж, иргэний бичиг баримтын  үйлдвэрийг өргөтгөх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн байна.

Хөтөлбөр хэрэгжсэнээр иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн мэдээллийн сангийн чанар, багтаамжийг сайжруулах, нэгдсэн удирдлага бүхий систем бий болж,  газар зүйн мэдээллийн системд суурилсан хаягжуулалтын нэгдсэн сан бий болох юм байна.

Мөн “Монгол Улсын виз олгох журам”-ыг баталсан Журам шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Монгол Улсын виз хүссэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз, визийн зөвшөөрөл олгох, визийн ангиллыг өөрчлөх, визийн Монгол Улсад байх хугацааг сунгах, визийг хүчингүй болгоход энэхүү журмыг мөрдөх юм байна.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл