Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.10.16/ хуралдаанаар  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Hийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.


Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.


Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.  

Байнгын хорооны тогтоол баталлаа

Мөн хуралдаанаар Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.  


Байнгын хорооны тогтоолд Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Музейн тухай, Киноны тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд Засгийн газраас батлахаар заасан журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангах, Соёл, урлагийг дэмжих сан, Засгийн газраас баталсан соёлын хөтөлбөрийн хэрэгжилтэд шаардагдах санхүүжилтийг үе шаттай нэмэгдүүлэх соёл, урлагийн салбарын санхүүжилтийг тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас доошгүй байхаар төлөвлөж байх асуудлыг судалж танилцуулахыг Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ.

Мөн Дуурь, бүжгийн эрдмийн театр, Драмын эрдмийн театрын материаллаг баазыг бэхжүүлэх, музейн камержуулалт, үзмэрийн бүртгэл, ном, судрын хадгалалтад шаардлагатай зардал, Соёлын өвийн үндэсний төв, Үндэсний номын сангийн барилгын ажлыг дуусгах, Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Археологийн музей, Хүүхдийн төв номын сангийн шинэ барилга барих хөрөнгө оруулалтыг улсын төсвийн болон төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багц, гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээс жил бүр, үе шаттай санхүүжүүлэх, үндэсний соёлын биет болон биет бус өв, түүх, соёлын хөдлөх болон үл хөдлөх дурсгалт газрыг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, гадаад дотоодод сурталчлах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар тогтоолд тусгасан байна.

Түүнчлэн хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, дархлааг бий болгох үүднээс хүүхдүүдэд музейг үнэ төлбөргүй үзүүлдэг байх, хүүхэд, залуучуудын театр, хүүхэлдэйн театр, киноны хүрээлэн бүхий чөлөөт цагийн төв цогцолборыг байгуулах ажлыг эхлүүлэх, хилийн чанад дахь монгол хүүхдэд хэл, соёлоо өвлүүлэн үлдээх чиглэлээр гадаад, дотоодын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах, хууль бусаар улсын хилээр гарч алдагдсан, гадаад улсад үзэсгэлэнд тавигдаад эргэж ирээгүй музейн үзмэр, эд өлгийн зүйл, соёлын өвийг сурвалжлан олох, эргүүлэн авчрах талаар холбогдох байгууллагад чиглэл өгөх, хэрэгжилтэд хяналт тавих, театр, музей, соёлын байгууллагын барилга байгууламж, газар, үл хөдлөх болон бусад хөрөнгийг бүртгэж, бүрэн бүтэн байдлыг хууль эрх зүйн хүрээнд судалж, баталгаажуулах ажлыг 2018 оны 4 дүгээр улиралд багтаан зохион байгуулж, тус Байнгын хороонд танилцуулахыг чиглэл болгожээ.

Ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ

Дараа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах ажлын хэсгийн тайланг хэлэлцэв.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тайланг танилцуулсан.


Тус ажлын хэсэг 3 удаа, ажлын дэд хэсэг 3 удаа хуралдаж, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагад ажиллаж буй алба хаагчид олгох нэг удаагийн тэтгэмжийн талаар, долоон жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас бодож тэтгэвэр тогтоох талаар судалгаа хийжээ.

Цэргийн алба хаагчид тэтгэвэрт гарахад олгодог 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтын дагуу үндсэн цалингийн дунджаас тооцож олгох, мөн 5 жилийн цалингийн дунджаас тооцдог байсныг 2019 оноос 6 жил, 2020 оноос 7 жилийн цалингийн дунджаас тооцдог болсон гэх мэдээллийн дагуу Батлан хамгаалах яамны харьяа байгууллагаас 104, Цагдаагийн байгууллагаас 500, Онцгой байдлын байгууллагаас 238 нийт 842 албан хаагч 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт ирүүлсэн байна.

Тухайлбал цэргийн алба хаагчийн сүүлийн 5 жилийн нийт цалин хөлсний дунджаас 36 сарын тэтгэмжийг тооцоход дунджаар 38.0 сая төгрөгийн тэтгэмж авахаар байна. Харин үндсэн цалингаас тэтгэмж тооцоход 22.0 сая төгрөгийн тэтгэмж авах буюу нийт цалингаас тооцсон тэтгэмжээс 16.0 сая төгрөгөөр буурахаар байна.

Дээрх мэдээллээс болж шинээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан хүний тоо нь урд жилүүдэд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хүний тооноос 1.7 дахин нэмэгдсэн байна.

Энэхүү зөрүүтэй мэдээллээс болж өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүний тоо нэмэгдсэн нь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагад хүний нөөц, боловсон хүчний хомсдол үүсэх, тэтгэмж болон тэтгэвэр авагчийн тоо нэмэгдэж улмаар улсын төсөвт нэмэлт ачаалал үзүүлэх, алба хаагч ажиллах сонирхол байсан хэдий ч тэтгэмж авах зорилгоор  харьцангуй эрт тэтгэвэр тогтоолгож, ажилгүй болох зэрэг сөрөг үр дагаварыг бий болгож байна хэмээн Ажлын хэсэг үзжээ.

Ажлын хэсэг Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгоход тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт орох эсэх талаарх тооцоо судалгааг хийжээ.

2019, 2020 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр цэргийн алба хаагчийн тэтгэврийг 1360 орчим цэргийн алба хаагч тогтоолгохоор, эдгээр албан хаагчийн тэтгэврийг 2019 онд 6 жил, 2020 онд 7 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас бодож тогтооход тэтгэврийн хэмжээнд хэрхэн өөрчлөлт орох тооцоог Засгийн газрын 2012 оны 78, 2014 оны 332, 2014 оны 99 дүгээр тогтоолоор батлан мөрдөж байсан ахлагч, офицер, ахлах офицерийн цалингийн сүлжээ, цол, удаан жил, албаны нэмэгдлийг үндэслэн тооцоход цэргийн алба хаагчийн тэтгэврийн хэмжээ 2019 онд дунджаар 19.6 мянга, 2020 онд 34.7 мянган төгрөгөөр тус тус буурч байгаа хэдий ч  2021 оноос тэтгэврийн хэмжээнд нөлөөлөхгүй гэсэн үзүүлэлт гарсан байна.  

Тэтгэврийн даатгалын сангаас 2019, 2020 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 42 000 орчим иргэн тэтгэвэр тогтоолгохоор байна. Эдгээр иргэдийн тэтгэврийг 2019 онд 6 жил, 2020 онд 7 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас бодож тогтооход тэтгэврийн хэмжээ 2019 онд дунджаар 12.8 мянга, 2020 онд 22.5 мянган төгрөгөөр тус тус буурч 2021 оноос тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэрт нөлөөлөхгүй гэсэн тооцоо гарсан байна.

Энэхүү тэтгэвэр тооцох жилийг нэмэгдүүлсэн нь иргэдийг олон жил ажиллаж шимтгэл төлөх сонирхолыг нэмэгдүүлэх улмаар тэтгэврийн сангийн алдагдлыг урт хугацаанд бууруулах ач холбогдолтой гэж үзжээ.

Ингээд Ажлын хэсэг доорх саналыг боловсруулжээ.

            1. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн тусгай алба хаагчид тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг нийт цалин хөлснөөс тооцон олгож байхаар хуулийн заалтын салаа утгыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор “Төрийн албаны тухай” /Шинэчилсэн найруулга/ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлтийг оруулах;

            2. Мэргэшсэн алба хаагчдыг ажлын байранд нь урт хугацаанд ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “... цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд олгох 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нийт цалин хөлснөөс тооцох” талаар ажилтан алба хаагчдыг зөв мэдээллээр хангаж ажиллахыг цэргийн байгууллагад үүрэг болох;

            3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг хэрэгжүүлэхэд тэтгэвэр авагчийн тэтгэврийг бууруулахгүй байх зорилгоор тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар Засгийн газарт даалгах;

            4. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчдын өндөр насны тэтгэвэртэй холбоотой асуудлыг тусгайлан авч үзэж, арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгах.

Ажлын хэсгийн тайлантай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тайлангийн хамт Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

Ажлын хэсгийн зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээр болов

Мөн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  яам, Эрүүл мэндийн яамны 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Ганболд тайланг танилцуулсан юм.


Ажлын хэсэг ажиллахдаа дараах зарчмыг удирдлага болгожээ.

1.Хөрөнгө оруулалтын ажил хэдэн онд эхлэж, хэдий хугацаанд үргэлжилж байгаагаас үл хамаарч, одоо ажил хариуцаж байгаа хүмүүс ажлын гүйцэтгэлийг хариуцаж ажиллах.

2.Сангийн яамнаас гарсан санхүүжилтийн дүнгээр хэрэгжилтийн хувийг гаргах.

3.Тайланг 2018.10.01-ний өдрөөр тооцох.

4.Он дамжсан ажлуудыг дуусгах хугацаа, санхүүжилтийн хэмжээ, эх үүсвэрийг тодорхой болгох.

5.Шинээр 2018 онд эхэлсэн ажлуудыг хугацаанд нь дуусгах.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар гэрээ байгуулсан 68 /барилга 9, их засвар 35, тоног төхөөрөмж 24/ төсөл, арга хэмжээ буюу нийт ажлын 73 хувь, тендерийн үнэлгээний болон гэрээ байгуулах шатандаа байгаа 21 /барилга 5, их засвар 6, тоног төхөөрөмж 10/ төсөл, арга хэмжээ буюу 23 хувь, тендерийн шатанд 4 /барилга 2/ төсөл, арга хэмжээ худалдан авах ажиллагааны хөрөнгө оруулалтын санхүүжилтын гүйцэтгэл 15,0 хувьтай байна гэлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нийт санхүүжилт 2018 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар 58,876.2 сая төгрөг байгаа нь нийт санхүүжилтийн 22.00 хувийг эзлэж байна. Үүнээс 2018 онд шинээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний санхүүжилт 18 хувьтай байна.

Эрүүл мэндийн яамны тухайд 2018 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар хөрөнгө оруулалтын нийт гүйцэтгэл санхүүжих 60,7 тэрбум төгрөгөөс санхүүжсэн дүн буюу гүйцэтгэл-11,636.75 тэрбум төгрөг, гүйцэтгэлийн хувь 19,15 хувь байна гэсэн тайланг Ажлын хэсгийн ахлагч танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооноос есөн зүйл бүхий зөвлөмжийг Ажлын хэсгийн тайлангийн хамт Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.

Цаашид төсвийн бодлогыг нарийвчлах, төлөвлөлтөд анхаарах, хууль, журам, дүрмээ нарийвчлах, ажлын хариуцлагаа дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын ажлаа эрчимжүүлэх талаар зөвлөмжид тусгахаар  тогтсон.


Эцэст нь Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл