Цэс

Холбоо барих

Гэрээ, хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.10.26) нэгдсэн хуралдаан 10 цаг 05  минутад гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

АН-ын бүлэг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд  завсарлага авав


Хуралдааны эхэнд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

Төсөлд “11.8 Дунд үйлдвэр эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкнаас авсан зээлийн жилийнх хүүгийнх нь 5.0 хүртэл хувийг Сангаас олгож болно” гэж, “11.9 Сангаас зээл, зээлийн хүүгийн татаас олгоход 11.9.1.Сангийн тухайн жилийн санхүүжилтийн 80-аас доошгүй хувийг үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгоно, 11.9.2.зээлийн хүүгийн татаасын зориулалтаар олгох хөрөнгийн нийт хэмжээ нь Сангийн тухайн жилийн улсын төсвийн санхүүжилтийн 20 хувиас хэтрэхгүй байна” гэж хязгаарлалтыг баримтлана гэсэн хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Түүнчлэн төсөлд “11.10 Энэ хуулийн 11.8-д заасны дагуу Сангаас зээлийн хүүгийн татаас олгох журмыг жижиг, дунд үйлдвэрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж, “11.14 Сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулахад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1, 111.2-т заасныг хэрэгжүүлсэн эсэхийг харгалзан үзнэ” гэж, мөн “11.11 дэх хэсгийн “болон хөнгөлөлттэй зээл олгосон шийдвэрийг үндэслэлийн” хамт гэснийг “шийдвэрийг” гэж, “цахим хуудсаар дамжуулан” гэснийг “цахим хуудас болон өдөр тутмын хэвлэлээр “ гэж өөрчлөх,  “15.1.4. аж үйлдвэрийн парк байгуулах, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн оролцоог нэмэгдүүлэх” гэж, “17.1.5. хүний  нөөцийг сургах, чадавхжуулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх, олон улсын зах зээлд нэвтрэх болон бусад чиглэлээр сургалт зохион байгуулах” гэсэн заалт тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Харин Байнгын хорооны дэмжээгүй саналуудыг УИХ-ын хуралдаанд оролцсон гишүүд дэмжээгүй тул зарчмын зөрүүтэй  хоёр санал  боссон. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төслийн “5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг бүхэлд нь, 11 дүгээр зүйлийн 11.6.1 дэх заалт, 11.7 дахь хэсгийн “бичил” гэснийг тус тус хассугай” гэж, төслийн “11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсгийн “банкаар дамжуулж олгоно.” гэсний дараа “Банкийг тендер сонгон шалгаруулалтаар сонгоно. Банканд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг байршуулах, зээл олгох журмыг Засгийн газар батална” гэж нэмэх санал оруулсныг чуулганы хуралдаанд  оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Энэ үеэр УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ажлын хэсэг дахин нягтлан үзэж, хуулийг хийдэлгүй гаргах шаардлагатай гэж үзэн тав хоногийн завсарлага авлаа. 

Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа 

Үргэлжлүүлэн Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд  тус тус танилцуулсан.


Монгол Улс БНХАУ-тай Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай, Ялтан шилжүүлэх тухай гэрээг тус тус байгуулсан хэдий ч эдгээр гэрээ нь БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконг болон Макаод үйлчилдэггүй. Тиймээс монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт ихээр холбогдох болсон Хонконг, Макао зэрэг БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүд байгуулахаар ажиллаж байгаа аж.

Монголчууд ихээр зорчин, аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон зарим орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулах бодлогын хүрээнд 2012 онд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрүүд байгуулах санал тавьж, улмаар "Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2016 онд байгуулжээ. Харин “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг талууд эцэслэн тохиролцож, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна. Улмаар 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр талууд уг хэлэлцээрт БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд гарын үсэг зуржээ. Одоогоор манай улсын 35 иргэн Хонконгд ял эдэлж байгаа. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн, соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус урьдчилан зөвшилцсөн Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, батлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд хуулийн төслийг дэмжиж батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.2 хувь нь дэмжив.

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав

Хуралдаан Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан тус тус танилцуулсан.


“Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай” гэрээг 1993 онд тус тус байгуулжээ. Улмаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахтан Улс хоорондын гэрээ” байгуулах тухай Казахстаны талын саналыг Монголын тал дэмжиж, хоёр улсын холбогдох байгууллагууд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Астана хотод гарын үсэг зурсан байна. Ялтан шилжүүлэх асуудлын хүрээнд манай улс 2014 онд хоёр иргэнээ, 2016 онд нэг иргэнээ дипломат шугамаар шилжүүлж авчээ. Энэ оны 10 дугаар сарын байдлаар манай улсын  зургаан иргэн Бүгд Найрамдах Казахстан Улсад ял эдэлж байгаа бөгөөд тэднээс нэг  нь эх орондоо шилжих хүсэлт гаргаад байгаа юм байна.

Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо  2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат асуулт асууж, хариулт авав. Иймд хуулийн төслийг дэмжиж батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.1 хувь нь дэмжив.

Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг  баталлаа

 Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

 Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо А.Ундраа нар тус тус танилцуулсан. 


Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Засгийн газартай байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл”-ийн I шатыг 2015 оноос 2020 оныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлж буй энэхүү бодлогыг дэмжих зорилгоор төслийн 2 дугаар үе шатыг ХБНГУ-ын Засгийн газрын 19.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар хэрэгжүүлэхээр 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээгээр тохиролцжээ. Төслийн 2 дугаар шатанд одоо хэрэгжүүлж буй 11 тусгай хамгаалалттай газрын захиргаад дээр Монгол орны баруун болон баруун өмнөд бүс нутгийн тусгай хамгаалалттай 13 газар нутгийг нэмж хамруулан төслийн дэмжлэг үзүүлэх юм байна.

Уг хуулийн төслийг Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзжээ.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн асуулт А.Ундраа асууж, хариулт үг хэллээ. Ингээд хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

Үргэлжлүүлэн Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагийн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан.


Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулан хэрэгжүүлж ирсэн. Одоогоор ОХУ, БНСУ, БНУУ-тай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсны үр дүнд ОХУ-д ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулсан 40, БНУУ-д ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулсан 33 иргэн сар тутам өндөр насны тэтгэвэр тогтмол авдаг бол БНСУ-д манай иргэд тэтгэврийн даатгал давхар төлөхгүйгээр ажиллаж байгаа аж. БНПУ-д амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн хүсэлт, хоёр улсын Ерөнхийлөгч нарын хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар тохиролцсоны дагуу хэлэлцээрийн төслийн эхний шатны хэлэлцээг 2015 оны 05 дугаар сард Варшав хотноо, хоёрдугаар шатны хэлэлцээг 2016 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотноо тус тус хийж, төслийг эцэслэн тохиролцож, тус тусын хууль тогтоомжийн дагуу баталгаажуулахаар тогтжээ. Хэлэлцээр батлагдсанаар БНПУ-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа Монгол Улсын иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч ирээдүйд тэтгэвэр авах эрх үүсэхгүй байх, эсвэл бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг асуудал шийдвэрлэгдэнэ. Манай улсын иргэдийн БНПУ-д ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож, Монгол Улс болон БНПУ-аас өндөр насны тэтгэврээ тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжирна. Мөн БНПУ-д ажилладаг манай иргэдийн нийгмийн баталгаа хангагдаж, тус улсад байх хугацаандаа тухайн орны иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж авах хууль эрх зүйн үндэс бүрдэх юм гэдгийг салбарын сайд онцоллоо. Энэхүү хэлэлцээрээр хоёр улс иргэний шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг хариуцан олгох учир нийгмийн даатгалын сангийн төсөвт аливаа нэмэлт санхүүжилт шаардагдахгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Засгийн газраас 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо  2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Батболд танилцуулав. 


Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Батболд Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улс, орнуудтай нийгмийн хамгааллын чиглэлийн хэлэлцээр байгуулах нь тэнд амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зөв асуудал юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэнд Польш Улсаас гадна Унгар, Чех Улсууд төдийгүй Скандинавын хойгийн орнуудад олноор ажиллаж, амьдрах болсон. Иймд Монгол иргэд олноор амьдарч, ажиллаж байгаа орнуудтай цаашид нийгмийн хамгааллын чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулах талаар асууж, хариулт авсан. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, батлах нь зүйтэй гэж үзсэн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Батболд танилцуулгадаа дурдлаа. 

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Н.Оюундарь, Д.Дамба-Очир асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс Польш Улсад хэчнээн монгол иргэн ажиллаж, амьдарч байгааг сонирхохын зэрэгцээ тэдгээр иргэд одоогоор эрүүл мэндийн болон бусад даатгалд хамрагдаж байгаа эсэх, цаашид энэ чиглэлээр бусад улстай хамтран ажиллаж байгаа эсэхийг тодруулсан.

Гадаад харилцааны яамны Консулын газрын судалгаагаар Бүгд Найрамдах Польш Улсал нийтдээ 940 монгол иргэн ажилаж, амьдарч байна. Польш Улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд эрүүл мэндийн даатгалаас гадна нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг ч тус улсын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх зүйн боломжгүй байдаг. Энэхүү нийгмийн хамгааллын чиглэлийн хэлэлцээр байгуулсны үр дүнд монгол иргэд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо Монгол болон Польш улсад ажилласан хугацаа, нийгмийн даатгалын шимтгэлээ нэгтгэн тооцуулах боломж бүрдэнэ гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хариултдаа онцлоод цаашид монгол иргэд олноор ажиллаж амьдарч байгаа Турк, Скандинавын хойгийн орнууд, АНУ –тай нийгмийн хамгааллын чиглэлээр хамтарч ажиллахаар төлөвлөж байна гэв.

Ингээд Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжсэн. 

Хуралдааны төгсгөлд Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийг Өргөдлийн байнгын хорооны гишүүнээс хасч, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнд нэмэхээр тусгагдсан байв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл