Цэс

Холбоо барих

БОХХААБХ:Ургац хураалтын урьдчилсан дүнгээр төмс, улаан буудайн дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрджээ


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.23) хуралдаан 13 цаг 15 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн  Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.


Тэрбээр танилцуулгадаа, ирэх онд Засгийн газар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төсвийн сахилга батыг чанд баримтлан төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах, экспортод гарч буй эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор шийдвэрлэж төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, төсвийн зарлагын реформыг хийж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэв.

Үүний үр дүнд Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлага 11. 5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий -5.4 хувьд хүрч Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс 1.5 пунктээр бага байхаар тооцлоо хэмээн танилцуулсан.


Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Б.Саранчимэг, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан Монгол Улсын  дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг, нийт хөдөлмөр эрхлэгчдийн 55 хувийг бүрдүүлдэг чухал салбар тул төрийн зүгээс бодлогоор дэмжих шаардлагатайг онцолж байлаа. Иймд махны экспортыг дэмжиж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд малыг эрүүлжүүлэх асуудалд хэчнээн төгрөг төсөвлөсөн талаар илүүтэй тодруулав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, УИХ-аар Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийг баталж, 06 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхлээд байгаа. Засгийн газар хөдөө аж ахуйн салбарт анхаарч ажиллаж байгаа бөгөөд ирэх жилийн төсөвт 50,2 тэрбум төгрөгийг малын урьдчилан сэргийлэх вакцинд зарцуулахаар төсөвлөсөн. Бидний хувьд бүх малаа эрүүлжүүлж, урьдчилсан сэргийлэх вакцинд хамруулах зорилттой байгаа ч, төсөвлөгдсөн төсвийн хүрээнд нийт малынхаа 20 хувийг вакцинжуулахаар төлөвлөөд байгаа. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд үхэр сүргээ вакцинжуулахаас гадна, халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй газрын малыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулахаар төлөвлөөд байна гэж хариулав.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нараас гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Төсвийн байнгын хороонд хүргүүлж, танилцуулахаар тогтлоо.

Мал тооллого, малын тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил хүнсний ногооны хангамжийн талаар мэдээлэл хийлээ

Байнгын хорооны хуралдаан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийн “Мал тооллого, малын тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамж”-ийн талаарх мэдээллээр үргэлжлэв.


2018 онд нийт 19.2 сая мал төллөж, 18.2 сая толгой төл хүлээн авсан. Одоогийн байдлаар 84.6 сая толгой мал намаржиж байна. Аймаг, орон нутгаас авсан мэдээллээр 2018-2019 оны өвөл, хавар улсын хэмжээнд 69.4 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. 2018 оны жилийн эцсийн мал тооллогыг бүх шатны мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Хадлан, тэжээл бэлтгэл аймаг, сумдын түвшинд 10 дугаар сарын байдлаар 79.2 хувьтай байна. Үүнд,1014.1 мянган тонн өвс, 42.1 мянган тонн ногоон тэжээл, 16.8 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 42.7 мянган тонн гар тэжээл, 2.4 мянган тонн дарш, 62.9 мянган тонн давс, хужир, шүү бэлтгээд байгааг салбарын сайд танилцуулгадаа онцлов.

Мөн тэрбээр, малчдын түвшинд хадлан, тэжээл бэлтгэл одоогийн байдлаар өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 100.0 мянган тонн өвс, 20.0 мянган тонн ногоон тэжээлээр илүү байгаа бөгөөд Газар тариалангийн ургацын урьдчилсан балансаар 86.3 мянган тонн ногоон тэжээл, гурилын үйлдвэрүүдээс 100-аад мянган тонн тэжээл үйлдвэрлэхээр тооцоо гарсан нь хүчит тэжээлийн хангамж хүрэлцэхүйц байхаар байна. Ашиглагдахгүй байгаа нөөц бэлчээрийг ашиглах, гантай байсан аймгуудад усан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2018 онд 17 аймаг, 2 отрын бүс нутагт 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 174 инженерийн хийцтэй худаг гаргах ажлыг зохион байгуулж байна. Аймаг, орон нутгаас ирүүлсэн мэдээллээр 69.0 сая толгой мал өвөлжиж, 15.1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал ирүүлээд байна. Үүнээс 460.0 мянган тонн мах бэлтгэх боломжтой байна гэж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд танилцуулгадаа, 2018 оны ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн  тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тооцогдсон. Ургац хураалтын ажил 09 дүгээр сарын 10-наас жигдэрч эхэлсэн хэдий ч 9-10 дугаар сард тариалангийн бүс нутгийг хамарч орсон бороо, цасны улмаас хүндрүүлсэн нөхцөлд хураалтын ажлыг үргэлжлүүлж байна. Ургац хураалтын явц 10 дугаар сарын 19-ний байдлаар нийтдээ 442.1 мянган тонн үр тариа, үүнээс  330.4 мянган тонн улаанбуудай, 160.1 мянган тонн төмс,  91.8 мянган тонн хүнсний ногоо, 89.9 мянган тонн тэжээлийн ургамал, 13.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 75.3 хувьтай үргэлжилж, төмс, хүнсний ногооны хураалт дууссан. Энэ жил төмс, улаан буудайг дотооддоо 100 хувь хангахаар ургацын урьдчилсан дүн гарчээ гэж байлаа.

Цаашид Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 10 дугаар сарын сүүлийн 10 хоногийн эхээр  нийт нутгаар хур тундас, нойтон цас орох төлөвтэй байгаа тул ургац хураалтын ажлыг шуурхайлах арга хэмжээ авч энэ сарын 25-ны дотор талбайн ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Мөн ургац хураалтын ажилтай зэрэгцүүлэн чанар сайтай сортын үрийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхайлах, буудайн борлуулалтыг эрчимжүүлэх, шинэ ургацаас хүнсний буудай худалдан авсан гурилын үйлдвэрүүдийн арилжааны банкнаас авсан зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн салбарт үрийн болон тэжээлийн буудай, ногоон тэжээл нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэлийн хангах ажлын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний эцсийн тайлан мэдээг 2018 оны 11 дүгээр сард Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Энхбаяр нар асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс ногоон тэжээл тариалах асуудлыг салбарын зүгээс бодлогоор дэмжих ажлын явц, бэлчээрийг сайжруулахад авсан арга хэмжээний талаар илүүтэй тодруулж байлаа.

Засгийн газар 7 аймгийн 60 сумыг тариалангийн бүс нутгийг тогтоосон. Үүнийгээ түшиглэж эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд малын ногоон тэжээл тариалах шаардлагатай хэмээн бодлогоо тодорхойлсон. Энэ хүрээнд тэжээлийн үйлдвэрийг дэмжихээр БНХАУ-аас 24 сая ам.долларын хөнгөлттэй зээл авч, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар олгохоор болсон. Уг сан хадлан, ногоон тэжээл тариалах жижиг үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийг иргэдэд урт хугацаанд, бага хүүтэй нөхцөлөөр зээл олгохоос гадна салбарын яамны зүгээс ногоон тэжээлийн стандартыг тогтоож,  улсын нөөцөд байгалийн цагаан өвсний оронд авах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэж Б.Батзориг сайд хэлж байлаа. Мөн өнгөрсөн онд бэлчээрийг сайжруулах, багтаамжийг нэмэгдүүлэх зорилгоор ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан огтоно, царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулснаар 2018 онд 16 аймгийн 750.0 мянган га талбайг эргэлтэд оруулсан хэмээн тайлбарыг өглөө.

Н.Цэрэнбат: 2018-2019 оны өвлийн улиралд 93.700 тонн түүхий нүүрс, түүнээс ялгарах 660 тонн тоосонцор, 650 тонн хүхэрлэг хийг бууруулна

Хуралдааны төгсгөлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Агаарын бохирдлыг бууруулах талаар Улсын Их Хурал, Байнгын хороодын хамтран баталсан тогтоолын биелэлтийн талаар мэдээлэл хийлээ. Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Загджав, Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтар, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. 


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэлдээ, Агаарын бохирдлыг бууруулах талаар өнгөрсөн жилийн хугацаанд дараах ажлуулыг хийсэн. Тухайлбал, Улсын Их хурлын 2018 оны Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоол гарч, уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар, “Түүхийн нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол гарсан. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар батлагдсан хуулийн хүрээнд татварын зүйл жагсаалтууд гаргасан гэдгийг дурдав.

Агаарын чанарын хяналтын хэлтсийг МХЕГ-даргын тушаалаар байгуулж, 14 улсын байцаагч ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулах гол ажлын нэг нь эрчим хүчний шөнийн тарифыг бууруулах хөнгөлөлт юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүргийн гэр хорооллын 117 мянган өрхөд шөнийн тарифын хөнгөлөлтөнд 5,9 тэрбум төгрөгийн татаасыг эрчим хүчний салбарт өгсөн. Нийт өрхийн 15.2 хувь нь цахилгаан халаагуур хэрэглэсэн байна. Иргэдийн цахилгаан халаагуур хэрэглэх хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс нийтдээ таван дүүргийн 41.964 айлыг 4 квт цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Үүнд 81.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн улсын болон нийслэлийн төсвөөс нийт 27 тэрбум төгрөгөөр 78 нам даралтын халаалтын зуухыг буулгаж, нэгдсэн дулааны шугамд холбож, 70 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулсан гэж Н.Цэрэнбат сайд мэдээлэлдээ онцлов.


Түүнчлэн  тэрбээр, Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас нийт 86 өрхийн газрыг авч орон сууцжуулсан. Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан дэд бүтцийн  бичил төв төслийг хэрэгжүүлэх 50 байршлыг тодорхойлж, энэ жилийн хувьд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 280 өрхийг инженерийн шугамд холбож, үүний үр дүнд 80 тонн түүхий нүүрсний хэрэглээг багасгах юм. Мөн иргэдийн гэр сууцны дулаан алдагдлыг багасгахын тулд салбарын яамнаас гэр хорооллын хэсгийн ахлагч нараар дамжуулан тодорхой ажлыг хийсэн. Дэлхийн банкны санхүүжилтээр агаарын чанарыг сайжруулах бүсийн 373 өрхийн дулаан алдагдлыг бууруулсан. Нийтийн тээврийн утааг багасгахын тулд  хоёр цахилгаан автобус, газаар ажилладаг CNG –ийн 30 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж байгаагийн зэрэгцээ ЖАЙКА-гийн төслөөр 24 автобуст шүүлтүүр тавьсан гэж байлаа.

Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нийт 8 хорооны 26,340 мянган өрхөд сайжруулсан түлш нийлүүлэх ажлыг хийж эхлээд байна. “Таван толгойн түлш” ХХК нь сайжруулсан түлш үйлдвэрлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд  2019 оны 09 дүгээр сарын 15-н гэхэд шаардлагатай байгаа 600 мянган тонн түлшний тодорхой хувийг төрийн өмчит үйлдвэрээ түшиглэж бэлтгэнэ. Үлдсэн хэсгийг хувийн хэвшлийн 11 аж ахуй нэгж нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллана. 2018-2019 оны өвлийн улиралд 93.700 тонн түүхий нүүрс, түүнээс ялгарах 660 тонн тоосонцор, 650 тонн хүхэрлэг хийг бууруулна. Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа эрхэлж буй 2,860 иргэн, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, 348 албан шаардлага хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 42 сая 940 мянган төгрөгийн торгууль ногдуулан, гурван зуухны үйл ажиллагааг түр зогсоох акт тогтоосон талаар Н.Цэрэнбат сайд танилцуулгадаа дурдав.

Цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2019 оны төсвийн төсөлд 154 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд шөнийн тарифын хөнгөлөлт 16,4 тэрбум, бага дунд оврын 3,000 мянган зууханд фильтр суурилуулахад 22,5 тэрбум, сайжруулсан түлшний татаас олгоход 54,7 тэрбум, гэр хорооллын 20,602 айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд баригдах “Хүчит шонхор” дэд станцын барилга угсралтын талбайн шарилыг шилжүүлэх зардалд 1,4 тэрбум, өрхийн зуухны индукцийн фильтрт 51 тэрбум, хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээний зардалд 3,3 тэрбум, олон нийтийн мэдлэг мэдээллийг түгээх сурталчилгааны зардалд-350 сая, индукцийн суурилуулалтанд-2,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар тус тус төлөвлөөд байгаа аж.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тэрбишдагва, Д.Мурат, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл