Цэс

Холбоо барих

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх орчныг сайжруулахад чиглэсэн хүчин чармайлтуудыг хэлэлцлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх орчин болон тэргүүлэх чиглэлийг сайжруулах өнөөгийн хүчин чармайлтыг хэлэлцэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.10.24) Төрийн ордонд зохион байгуулав.

    Ази, Номхон далайн группийн шаардлагыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгын дор зохион байгуулсан хэлэлцүүлэгт Олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгчид, холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагаас банк, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид зэрэг төлөөлөл оролцлоо. 


    Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хэлсэн үгэндээ “Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх орчныг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөний дагуу тодорхой ажлууд хийж байна. 2018 онд УИХ-аас Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталсан. Олон улсын санхүүгийн байгууллагын зөвлөмжийг хүлээн авч, уг хуулийг баталсан.

    Монгол Улс саарал жагсаалтад орж болохгүй. Тэгвэл манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын байдал хүндэрнэ. Тиймээс өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа болон цаашид ямар гарц гаргалгаа байгааг өнөөдөр хэлэлцэнэ гэлээ.

    Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн З.Нарантуяа, М.Оюунчимэг нар оролцож, байр сууриа илэрхийлэв.


    Мөн Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар  илтгэл тавьсан бол Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн өнөөгийн чиг хандлага, дэлхийн санхүүгийн байгууллага, улс орнуудын туршлагаас суралцсан сургамжууд, Монгол Улс үүнийг хэрхэн хэрэгжүүлж болох талаар Олон улсын Мөнгө угаахтай тэмцэх газрыг хариуцсан мэргэжилтнүүд танилцуулга хийлээ.

    Төгсгөлд нь хэлэлцэж буй сэдэвтэй холбогдуулан чөлөөт ярилцлага өрнүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл