Цэс

Холбоо барих

ТӨРӨӨС ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАЛААРХ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2014 оны 10 дугаар 24-ний өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 4.1.2 дахь заалтад Бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордод боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар Улсын Их Хуралд танилцуулж шийдвэрлүүлнэ гэж заасан байдаг.

Үүний дагуу Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор Тавантолгой–Гашуунсухайт, Хөөт–Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм, Арцсуурь–Эрдэнэт, Тавантолгой–Сайншанд–Баруун-Урт–Хөөт–Чойбалсан, Хөөт–Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт даалгасан.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдаж шинэ төмөр замын шугам тавьсанаар дараах үр дүнд хүрнэ.

1.Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт, тээвэрлэлтийн зардал, хугацаа хэмнэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тогтвортой өсөн нэмэгдсэнээр төсвийн орлого тогтворжиж эдийн засагт эерэг үр дагавар үзүүлнэ.

2.Өмнөговь, Сүхбаатар, Дорнод, Хөвсгөл, Булган зэрэг аймгийн дэд бүтэц хөгжиж, дэд бүтцийг дагасан хот, суурин, боловсруулах үйлдвэрүүд бий болох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх боломж бүрдэн ажлын байр шинээр нэмэгдэж, хүн амын амьжиргааны түвшин дээшилж, амьдрах орчин, нөхцөл сайжирснаар төв рүү чиглэсэн хүн амын нүүдэл саарна.

3.Далайд гарцгүй манай улсын гадаад худалдаа, хамтын ажиллагаа өргөжиж, уул уурхайн бүтээгдэхүүнийг хөрш орнууд болон гуравдагч орнуудад экспортлох боломж бүрдэнэ.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл