Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн удирдлагын систем, цахим хуудсыг нээж танилцуулгыг хийлээ.
Цахим хуудасны нээлтэнд Улсын Их Хурлын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Өргөдлийн байнгын хорооны бусад гишүүд оролцлоо.
Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэсний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь" төслийн хүрээнд хийгдсэн Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн удирдлагын нэгдсэн систем WWW.URGUDUL.MN /цахим хуудас, программ хангамж/-ийг танилцууллаа.
Энэхүү цахим хуудсыг нэвтрүүлсэнээр иргэдээс Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломж бүрдэх байна.
Өргөдлийн байнгын хорооны Ажлын алба