Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 20 дугаарын тойм


Эмхэтгэлийн шинэ дугаарт Баяжуулсан хүнсний тухай хуулийг нийтэлсэн байна.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилго оршиж байгаа юм.

Баяжуулсан хүнс” гэж аминдэм, эрдэс бодисыг дангаар болон холимог хэлбэрээр үйлдвэрийн аргаар нэмж үйлдвэрлэсэн хүнсийг, “баяжуулагч бэлдмэл” гэж хүнсийг үйлдвэрийн аргаар баяжуулахад хэрэглэх аминдэм, эрдэс бодис, эсхүл тэдгээрийн холимгийг хэлнэ хэмээн хуульд тодорхойлжээ.

Мөн Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна.

Дээрх тогтоолоор Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталсантай холбогдуулан хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт болон хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор батлах, хүнсийг албан журмаар баяжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, баяжуулагч бэлдмэлийн импортыг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгч нарт дэмжлэг үзүүлэх боломжит арга замыг судалж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний дотор танилцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ.

Түүнчлэн Дүрэм батлах тухай, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” батлах тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ. Дээрх тогтоолоор Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрмийг, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг тус тус хавсралтаар баталсныг эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл