Цэс

Холбоо барих

УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, “Таван толгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.06.22/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас “Арьс, ширний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, дэд бүтцийг байгуулах, нүүлгэн шилжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуулгын хариуг сонслоо.


УИХ-ын гишүүний Ерөнхий сайдад тавьсан асуулгатай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэл хийсэн.

УИХ-ын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж 140.4 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрсөн аж.

Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 198 тоот тогтоолоор 30 тэрбум төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 217 дугаар тогтоолоор “Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төсөлд зээл олгохоор нийт 110.4 тэрбум хүртэл төгрөгийн эх үүсвэрийг баталж арилжааны банкуудаар дамжуулан зээл олгохоор тогтсон байна.

Хөнгөлөлттэй зээлийг 2014 оны 9 сараас олгож эхэлсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 57 үйлдвэрт нийт 86 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгогджээ.

Нийт зээлийн 69 хувийг эргэлтийн хөрөнгөд, 28 хувийг тоног төхөөрөмж шинэчлэхэд, 3 хувийг үйлдвэрийн барилгаа өргөтгөхөд зарцуулсан байна.

Дээрх УИХ-ын 74 дүгээр тогтоолоор арьс, ширний үйлдвэрүүдийг Эмээлтийн үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 онд багтаан үе шаттайгаар зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан бөгөөд ХХААХҮ-ийн сайд Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд “Эмээлт хөнгөн үйлдвэрийн ҮТП” ОНӨТААГ-ыг 2014 онд байгуулсан байна.

Дээрх үйлдвэрийн бүсийг үйлдвэрлэл технологийн паркийн хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэж ажлыг гүйцэтгэж, холбогдох зураг төсөл, баримт бичгүүдийг боловсруулан батлуулжээ.

Бүтээн байгуулалтын хувьд барилга угсралтын үеийн цахилгаан хангамжийн эх үүсвэрийг байгуулаад байгаа ажээ. Түүнчлэн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 4 жилийн хугацаатай олгосон байна.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх, үйлдвэрүүдийн хэтийн төлөвлөлт, хөгжлийн чиглэлээр Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийцүүлэн “Эмээлт хөнгөн үйлдвэрийн ҮТП”-ын хөгжлийн хөтөлбөрт тусган ажиллаж байгаа юм байна.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, асуулга тавьсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байр сууриа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв.

Дээрх тогтоолуудад тавьсан хоригийн талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Булгамаа танилцуулав.


“Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн …баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг.

Үүний хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа Прокурорын байгууллагын саналыг Улсын Их Хурал дахин хэлэлцэж, Үндсэн хуульд нийцүүлэн, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатай.

Прокурорын байгууллагыг Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага хэмээн хуулиар тодорхойлсон байдаг.

Тиймээс Улсын Их Хурал эрх мэдлийн хуваарилалт, зарчмыг хүндэтгэн баримталж, Улсын Их Хурлын гишүүдийн холбогдоод байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг нэг мөр шалган, гэм буруугийн асуудлыг нь эцэслэн шийдвэрлэх боломжийг хуулийн байгууллагуудад олгох нь зүй ёсны хэрэг юм.

Иймд Д.Муратын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол болон Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолд тус тус хориг тавьж байна”хэмээн Ерөнхийлөгчийн тавьсан хоригт дурджээ.

Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоол 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр батлагдаж, Д.Гантулгыг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тул  УИХ-ын 47 дугаар тогтоолтой холбогдох хэсгийг хэлэлцэх боломжгүй гэж үзжээ.


“Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай” УИХ-ын 45 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 77.7 хувийн саналаар хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд хоригийг хүлээн авсан тохиолдолд явагдах дараагийн ажиллагааны талаар гишүүд нэгдсэн ойлголттой байх нь зүйтэй талаар саналаа илэрхийлсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцуулахдаа хэлсэн.


Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Д.Муратын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай” Монгол Улсын Их Хурлын 45 дугаар тогтоолд тавьсан хоригийг хүлээн авахыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хоригийг хүлээн авах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тогтоолыг баталлаа.

“Таван толгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Дараа нь Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулсан юм.


Тогтоолын төсөлд УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын “б”,”в”-д заасны дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг  гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудлыг тусгажээ.

Түүнчлэн дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх, өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах арга хэмжээ тусгагдсан байна.


Энэхүү тогтоол батлагдсанаар УИХ-аас Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болох бөгөөд Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн эзэмшиж буй хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүй байдлаар шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа ажээ.

Эдийн засгийн байнгын хороо төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тус төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, мөн байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат газар доорхи баялагтай холбоотой чухал асуудал хэмээгээд Даваа гарагт салбарын сайдаас АН-ын бүлгийн хуралдаан дээр мэдээлэл авсны дараа бүлэг шийдвэрээ гаргах болно гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ард иргэдэд мэдээллийг үнэн зөв өгч, асуудлыг нухацтай сайн хэлэлцэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэрбээр төслийг урт удаан хугацаанд ашигтай байхаар, IPO гаргадаг олон улсын зах зээл дээрх туршлагыг харж ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гаргаж танилцуулсан эдийн засгийн тооцоо судалгаатай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд авто зам, төмөр зам гэх мэт хүлээгдэж байгаа томоохон төслүүдийг эхлүүлэх, шууд 30 хувьд нь IPO гаргах боломжгүй, эхлээд 5-10 хувь гэх мэтчилэн алтернатив хувилбар гарган туршиж үзэж байж, дараа нь 30 хувь болгох замаар үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 74.4 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хаалттай горимоор хэлэлцлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл