Цэс

Холбоо барих

Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв


     Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.06.20) хуралдаан 10 цаг 42 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж,  гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын зургаан гишүүний санаачилсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байгаа. Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж, тогтоолын төслийн талаар танилцуулга хийсэн юм.


     Нэр бүхий гишүүд уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан ”Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Тогтоолын төсөлд “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “Жижиг, дунд үйлдвэрийн газар” гэж нэмэхээр тусгажээ.


    Тогтоолын төслийн талаарх төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Засгийн газрын бүтцийн асуудал нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал, гэтэл Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарах ийм асуудлыг Улсын Их Хурлын гишүүд санаачилж оруулах нь зохимжтой бус гэж үзэж буйгаа хэлээд төсөлд Засгийн газраас ямар санал өгснийг тодруулав. Төсөл санаачлагч гишүүн Л.Элдэв-Очир энэ талаарх хариултдаа, Засгийн газар хуулийн төсөлд эсрэг болоод тухайлсан тодорхой санал өгөөгүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд түшиглэн Засгийн газрын бүтцэд ийм агентлаг байгуулах замаар хөрөнгө санхүүг нэгтгэж, төрийн бодлогыг зангидаж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж төсөл санаачлагч гишүүд үзсэний үндсэн дээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах төслийг боловсруулсан гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг бие даасан агентлаг болгох тодорхой ямар үндэслэл, шаардлага байгааг төсөл санаачлагчаас тодруулж хариулт авсан юм.


    Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэйгээр байгуулагдсан Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хуралдаж нэгдсэн санал, дүгнэлтээ гаргаагүй байгаа, нөгөө талаар Засгийн газрын бүтцэд ийм агентлаг байх шаардлагатай эсэхийг эцэслэн тохироогүй, агентлагийн харьяаллын талаар гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа ийм үед тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх боломжгүй байна. Иймээс тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулж, Байнгын хорооны ажлын хэсэг байр сууриа нэгтгэж санал, дүгнэлтээ гаргасны дараа хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасан юм. Ингээд гишүүний гаргасан горимын саналаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэнгүй.

    Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан энэ удаагийн Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа талдаа ороод байгаа ийм үед бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж төрийн байгууллага, төрийн албыг бужигнуулах шаардлагагүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудлын талаарх одоо байгаа бүтэц болохоо больчихсон гэж үзэхгүй байна. Тэгээд ч Засгийн газрын бүтцэд шинэ агентлаг байгуулах зайлшгүй үндэслэл, шаардлага харагдахгүй байна гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

     Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн явцад гишүүдийн гаргасан санал, байр суурийг Байнгын хорооны санал, дүгнэлтэд нэгтгэн тусгаж Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв

    Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Булгамаа хоригийг танилцуулав.


    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан хоригтоо “Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож,  яллагдагчаар татагдсан Д.Гантулга, Д.Мурат нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай Прокурорын байгууллагын саналыг Улсын Их Хурал хүлээж аваагүй нь шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго тээсэн Монголын ард түмний хүсэл зоригт нийцээгүй, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг улам бүр үгүй хийсэн, иргэдээ үл тоон басамжилсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон байна.

    Хууль зөрчсөн үйлдэл, гэмт хэрэг, зөрчлийн цаана улс орны тусгаар тогтнол, үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал хөндөгдөн, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, гэмт үйлдэлд аливаа хэлбэрээр холбогдсон иргэн хохирч байдгийг мартах ёсгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах нь төрийн үүрэг юм.

     Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа Прокурорын байгууллагын саналыг Улсын Их Хурал дахин хэлэлцэж, Үндсэн хуульд нийцүүлэн, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатай.

     Прокурорын байгууллагыг Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага хэмээн хуулиар тодорхойлсон байдаг. Тиймээс Улсын Их Хурал эрх мэдлийн хуваарилалт, зарчмыг хүндэтгэн баримталж, Улсын Их Хурлын гишүүдийн холбогдоод байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг нэг мөр шалган, гэм буруугийн асуудлыг нь эцэслэн шийдвэрлэх боломжийг хуулийн байгууллагуудад олгох нь зүй ёсны хэрэг юм” хэмээн дурджээ.


   Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар хоригийг хүлээн авсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбогдсон асуудлыг хэрхэн хэлэлцэх шийдвэрлэх процессын талаар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Улсын Их Хурлын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүний 8 нь буюу 80.0 хувь нь дэмжив. Харин Д.Гантулга нь өөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдсөн тул энэ асуудал эрх зүйн үр дагаваргүй болсон байна.

АН-ын бүлэг дэгийн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээс завсарлага авлаа

    Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн санаачилж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хорооны энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

   Төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх явцад гишүүдээс хоёр хуулийн төслийг нэгтгэн нэг төсөл болгож дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгүүлэх санал гаргасныг төсөл санаачлагчид дэмжсэн тул Улсын Их Хурлын даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн захирамжаар хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд намын бүлгүүдээс санал болгосны дагуу Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Л.Болд, Б.Баттөмөр, С.Жавхлан, Ж.Мөнхбат, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нар багтаж ажиллажээ.


    Ажлын хэсэг хоёр өдөр хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын гишүүдийн санаачилсан төсөлд суурилан хоёр төслийг нэгтгэн боловсруулж зарчмын зөрүүтэй зарим саналын томъёолол бэлтгэсэн талаар ажлын хэсгийн ахлагч танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат ажлын хэсэг ийм чухал хуулийн төсөлд түргэн түүхий хандаж болохгүй, цаг хугацааны хайчинд хавчигдаж дутуу дулимаг боловсрогдсон хууль гаргаж таарахгүй. Дэгийн хуулийн өөрчлөлтийн асуудлаар гишүүн бүр ойлголттой, бүрэн гүйцэт мэдээлэлтэй, нэгдсэн байр суурьтай болох шаардлагатай. Иймээс ажлын хэсгийн байр суурь, саналын томъёоллуудтай танилцаж, намын бүлгээрээ ярилцаж байр сууриа нэгтгэн шаардлагатай байгаа учраас ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм.  

   Мөн ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Ж.Батзандан нарын асуултад ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан, ажлын хэсгийн гишүүн Я.Санжмятав нар хариулт өгсөн. Тухайлбал, ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан  хариултдаа, дэгийн хуулийн өөрчлөлтийн асуудал нь цоо шинэ сэдэв, шинэ хуулийн төсөл биш, гишүүдийн байнга ярьдаг асуудлын нэг. Энэ чиглэлээр 7 удаа томоохон судалгаа хийгдсэн байдаг. Хуралдааны тодорхой хугацаанд суугаагүй гишүүнийг эгүүлэн татах, мөн Байнгын хорооны хуралдаанд тодорхой хугацаанд оролцоогүй гишүүнийг тухайн Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гаргах зэрэг төслийн зарим томъёолол нь гишүүний бүрэн эрхэд халдсан, Үндсэн хууль зөрчсөн агуулгатай байна гэж ажлын хэсэг үзээд хасахаар тогтсон. Дэгээ сайжруулж боловсронгуй болгоход анхаарч төслийг шуурхай батлаад ирэх намрын чуулганаас шинэ дэгээр ажлаа эхлэх хэрэгтэй байна гэдгийг хэллээ.


    Түүнчлэн ажлын хэсгийн гишүүн Я.Санжмятав ажлын хэсэг нэлээд шахуу ажиллаж байр сууриа нэгтгэж ойлголцсон. Парламентын нэр хүнд олон нийтийн дунд унаад байгаа ийм үед гишүүд үүрэг, хариуцлагаа ухамсарлаж дэгийн хуулийн өөрчлөлтөд ажил хэрэгч, шуурхай хандах нь зүйтэй гэдэг дээр ярилцаж тогтсон. Парламент, гишүүдэд хүндрэл учруулахаар зарим заалтыг хасахаар тохирсон. Хариуцлагын асуудлыг одоо хийхгүй, ирэх намар, арван сард хийнэ гэвэл оройтно. Тиймээс шаардлагатай бол бүлэг дээр ярилцаад хуулийг аль болох хурдан батлахад анхаармаар байна гэлээ.


    Харин энэ асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Дэгийн хуулийн өөрчлөлт нь хариуцлагыг хаа сайгүй дээшлүүлэх тухай ярьж байгаа ийм үед хариуцлага, сахилгын асуудлыг Улсын Их Хурал, гишүүд өөрсдөөсөө эхэлж гишүүдийн оролцоо, идэвхийг сайжруулах, эрх зүйн орчин нөхцөлөө боловсронгуй болгоход чиглэгдэж байгаа. Тэгээд ч хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд орсон асуудал. Ажлын хэсгийг шуурхай ажиллуулж, дэгийн хуулийн өөрчлөлтөө энэ хаврын чуулганаар батлаад намрын чуулганаа шинэ дэгээр эхлүүлэх нь зүйтэй гэдэг дээр намын бүлгүүд тохиролцсон. Тиймэс Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг санал, дүгнэлтээ Байнгын хороонд танилцуулах ёстой. Хэрэв энэ удаагийн чуулганаар төслийг хэлэлцэн баталж амжихгүй бол ээлжит бус чуулган хийж батлахаас өөр аргагүйд хүрнэ гэдгийг хаана хаанаа анхаарах нь зүйтэй. Намрын чуулган шинэ дэгээр эхлэх ёстой” гэдгийг гишүүдэд сануулав.

    Хуралдааны эцэст Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат намын бүлэг ирэх Даваа гарагт нэгтгэсэн төслүүдийн талаар ярилцана, тэгэхээр Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Ингээд АН-ын бүлэгт тав хүртэл хоногийн завсарлага өгөхөөр болж,  хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэнл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл