Цэс

Холбоо барих

Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа


     Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.06.21) нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад хувийн 50.7 ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлуудаа тогтов. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлсэн гишүүдийн саналын дагуу холбогдох Байнгын хороодын хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Багшийн хөгжлийн тухай хуулийн төслүүдийг өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар боллоо. Мөн намын бүлгүүд ярилцаад хаврын чуулган завсарлахаас өмнө дэд хороодын дарга нарыг сонгох асуудлыг шийдэхийг Улсын Их Хурлын дарга сануулсан юм.  

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 09 дүгээр дүгнэлтийг сонсов

     Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 09 дүгээр дүгнэлтийг сонсож, уг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг танилцуулсан юм. 

    Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг болон 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.


    Цэцийн дунд суудлын хуралдаанаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.” гэж, мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.” гэж тус тус заасан нь  Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;” гэснийг, мөн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэжээ.

    Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Зөрчлийн хуулиар захиргааны хариуцлага, эрүүгийн хариуцлага хоёрыг нэг уутанд хийчихсэн нь буруу болсон нь олон зүйл дээр харагдаж байна, иргэдэд хүнд суртал учруулж байгаа учраас жижиг гэмт хэрэг, зөрчил хоёрыг салгаж зааглах үүднээс хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав  Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийн асуудлаар анхан шатны шүүхэд давж заалдах хугацааг эргэн харах саналтай байгаагаа хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гишүүдийн асуултад хариулахдаа, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг яамнаас байгуулж ажиллуулсан, төслийн талаар яамдаас санал авахаар өнөөдөр хүргүүлж байгаа. Энэ хуулиуд хэрэгжиж эхлээд нэг жил ч болоогүй байна. Ер нь ийм томоохон хуулийн согог 2-3 жилийн дараа л харагддаг. Тиймээс тодорхой хугацаанд ажиглах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

Батлан хамгаалах салбарын хоёр хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

     Дараа нь Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр танилцуулав.

     Засгийн газраас энэ оны 05 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг мөн сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх явцад хуралдаан даргалагчаас Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, мөн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын нэг хэсэг гаргаж ажиллуулах чиглэл өгсөн юм. Иймээс эдгээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ.


    Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон юм. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд хуулийн нэр томъёог бусад хуульд нийцүүлэх, орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулж хэрэгжүүлэх үүрэгтэй холбогдох албан тушаалтнуудын эрх, үүргийг нарийвчлах, давхцалыг арилгах, байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгоход чиглэсэн зохицуулалтыг оруулсан байна. Ингээд тус Байнгын хорооноос гарсан Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 28, дагалдах төслийн талаар зарчмын зөрүүтэй нэг саналын томъёолол тус бүрээр санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг “Энэ хуулийн зорилт нь улсыг батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэхэд чиглэсэн орон нутгийн хамгаалалтын харилцааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулахаар болов. 

    Мөн төслийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг “Энэ хууль нь батлан хамгаалах тогтолцооны нэгдмэл байдлыг хангахад орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хэрэгжүүлэх бүх шатны төр, засаг, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, иргэн, хуулийн этгээдэд хамаарна” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ. Түүнчлэн төслийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг “Орон нутгийн хамгаалалтыг зэвсэгт хүчний үйл ажиллагаа, улсын болон цэргийн дайчилгааны бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулна” гэж, төслийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийг “Орон нутгийн байршил, газар зүйн онцлог, хүчин зүйлээс хамаарч энэ хуулийн 9.4-т зааснаас бусад үүрэгтэй томилгоот нэгжийг байгуулж болно” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтлоо. Үүнээс гадна төслийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундариас хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналыг дэмжлээ.


   Үргэлжлүүлэн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос боловсруулсан зарчмын зөрүүтэй 22 саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Үүгээр батлан хамгаалах салбарын хоёр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

     Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 05 дугаар сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар хийсэн юм.


   Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ.

    Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, М.Билэгт нар асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлд “Бүртгэлийг цахим хэлбэрээр хөтлөхдөө аюулгүй байдлыг хангасан, кодлогдсон технологийг ашиглах бөгөөд өөр хоорондоо уялдаатай, нэгдсэн стандарт, арга зүйтэй байна” гэсэн агуулгатай 5.7 дахь хэсэг нэмэхээр болов. Мөн төслийн 12 дугаар зүйлийн 12.2.3 дахь заалтын “байгуулсан гишүүдийн тоо” гэснийг “байгуулагчийн нэр, тэдгээрийн тоо, хувьцаа эзэмшигчийн нэр” гэж өөрчилж, 12.2.4 дэх заалтыг “12.2.4.төрийн болон албаны нууцад хамааруулснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө, газрын байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, зориулалт, төлөв байдал, эргэлтийн цэг, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн төрөл, тусгай тэмдэглэл” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.1 хувь нь дэмжлээ. Түүнчлэн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсгийг “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр, эсхүл хязгаартайгаар буюу нотариатчаар дамжуулан энэ хуулийн 12.7-д заасан зорилгоор хуульд заасан үндэслэл, журмын дагуу өгөх бөгөөд үйлчилгээний хөлсний хэмжээг энэ хуулийн 21,2-т заасны дагуу тогтооно” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

    Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн баригдсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд “Улсын бүртгэлийн байгууллагад ажиллаж байгаа эрх зүйч мэргэжил эзэмшээгүй улсын бүртгэгч нь хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан шаардлагыг хангасан байна” гэсэн агуулгатай 4 дүгээр зүйлийг нэмэхээр болов.

    Ингээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 31 нь буюу 64.6 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа. Уг хуулийн шинэчилсэн найруулгыг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтов. Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хуралдаанд ороолцсон гишүүдийн 60.4-64.6 хувийн дэмжлэг авч батлагдлаа.


    Дараа нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны танилцуулгыг сонсов. Байнгын хорооны хуралдаанаар дэгийн хуульд заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна. Түүнчлэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүчингүй болсон тул хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзжээ.

   Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Тухайлбал, төслийн 17 дугаар зүйлд “Үндэсний гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэхний загвар болон үндэсний гадаад паспортыг олгох, эзэмших, хадгалах журмыг Засгийн газар батална” гэсэн агуулгатай 17.4 дэх хэсгийг нэмэхээр болов. Ингээд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувийн саналаар Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлав. Мөн хамт өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэн гадаад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.7-82.2 хувь нь дэмжив.

    Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг сонслоо. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган эцсийн хувилбарын хувилбарыг бэлтгэжээ.

    Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй зарим санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжжээ. Тухайлбал, эд хөрөнгийн зарим эрхийг цахимаар бүртгүүлэхэд эрхийн улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой үйлчилгээний хураамж авах зохицуулалтыг хасах,улсын бүртгэлийн байгууллагын салбар, нэгжийн нэршлийг өөрчлөх, мөн иргэн эд хөрөнгийн эрхийг бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн шийдвэртэй холбоотой гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гаргахаар өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн Хаягжуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар тогтжээ.

    Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлд “Эрхийн улсын бүртгэлд эзэмших, ашиглах зориулалтаар бүртгэгдсэн газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4.1.1 -д заасан зориулалтаар өмчлөх шийдвэр гаргасан бол энэ тухай эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно” гэсэн агуулгатай 5.9 дэх хэсэг нэмэх, мөн төслийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийн “салбарын даргад,* түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд” гэснийг “Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу” гэж өөрчлөхөөр тогтов. Түүнчлэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “23.3.9.газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх.”, “23.4.6.газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх” гэсэн агуулгатай 4 дэх заалт, мөн “23.6.Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ” гэсэн агуулгатай 5 дахь заалтыг тус тус нэмэхээр боллоо.

    Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн саналаар бүхэлд нь батлав. Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кадастрын зураглал, газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг гишүүдийн 69.0-85.2 хувийн саналаар бүхэлд нь батлав.


     Дараа нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны танилцуулгыг сонссон юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийн улсын бүртгэлийн байгууллага бүртгэх, үүнтэй холбогдуулан зохион байгуулалтын бэлтгэл ажил хангагдах хүртэл, бүртгэх харьяаллыг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.3-т заасан журмаар тогтоох; Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төсөлд нийцүүлэн улсын бүртгэлийн байгууллагын “орон нутаг дахь салбар, нэгж” гэсэн нэр томьёог “орон нутаг дахь газар, хэлтэс тасаг” гэж жигдлэх; хууль батлагдсантай холбогдуулан хэлбэрээ өөрчлөн бүртгүүлэх шаардлагатай хуулийн этгээд хууль хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг болон холбогдох бусад саналууд гаргасан байна. Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Тухайлбал, төсөлд “Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг тухайн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаагаа явуулах нутаг дэвсгэрийг харьяалах улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ” гэсэн агуулгатай 8.3 дахь хэсгийг нэмэхээр болов. Мөн энэ хуулийн 8.3 дахь хэсгийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив.

    Ингээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг батлахыг 71.1-77.8 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүд батлагдлаа.

Хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

    Үргэлжлүүлэн Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.

   Тус Байнгын хороо чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно.” гэж заасны дагуу эдгээр хуулийн төслийг боловсруулж, хуралдаанаараа хэлэлцэж дэмжжээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд дэмжигдсэнтэй холбогдуулан 2015 онд баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн заалтуудыг эшлэсэн Банкны тухай болон Улс төрийн намын тухай хуулиудын холбогдох заалтад тусгасан эшлэлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөх, мөн 2015 онд баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг зохицуулжээ.

   Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан байна. Иймээс Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн. Ингээд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8-80 хувийн саналаар дээрх хуулийн төслүүдийг бүхэлд нь батлав.

     Дараа нь “Улсын бүртгэлийн багц хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулж, өчигдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

    Тогтоолын төсөлд Улсын бүртгэлийн багц хууль баталсантай холбогдуулан Иргэний хуулийн суурь зохицуулалт, үзэл баримтлалд нийцүүлэн холбогдох хуулийн төслийг 2019 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, төрийн мэдээлэл солилцох, түүний аюулгүй байдлыг хангах, өгөгдөл хамгаалах, цахим засгийг бэхжүүлэхтэй холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой арга хэмжээг судалж танилцуулах, багц хуулийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах ажлыг Засгийн газарт даалгасан зохицуулалтыг тусгажээ.

    Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн тул тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад гишүүдийн 77.8 хувь нь дэмжсэн юм.

Шүүх байгуулах тухай хуулийн төслийг баталлаа

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссон юм.

   Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал энэ сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Энэ дагуу Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа дээрх хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасны дагуу дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжжээ.

    Иймээс эхлээд Байнгын хорооны горимын саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь дэмжив. Харин хууль, тогтоомжийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 73.9-82.6 хувь нь дэмжсэнээр Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд батлагдлаа. Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар нийслэлийн Багахангай дүүрэгт Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хоёр шүүх шинээр байгуулах, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг өөрчлөн байгуулахаар болж байгаа юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл