Цэс

Холбоо барих

Парламентын бүлгийн дарга нар Энэтхэг, Тайландын төлөөлөгчидтэй уулзав

УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа өнөөдөр (2018.06.12) эрхэмсэг ноён Б.Н.Гауд тэргүүтэй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын  төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.  



Уулзалтын эхэнд Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын төлөөлөл оролцож буйд УИХ-ын гишүүн Б.Ундармаа талархал илэрхийллээ. Мөн хоёр орны хооронд өндөр, дээд түвшний айлчлал тогтмол явагдаж байгаа нь чухал ач холбогдолтойг тэрбээр дурдаад Энэтхэгийн парламентад Энэтхэг-Монголын парламентын бүлэг байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. 

Эрхэмсэг ноён Б.Н.Гауд “Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөнд оролцохын зэрэгцээ Монголын сайхан оронд зочилж буйдаа баяртай байна. Анх удаа Монгол Улсад ирж байна. Манай хоёр орны хувьд түүх, соёлын салбарт уламжлалт харилцаатай төдийгүй бурхны шашны түүхэн харилцаатай ард түмэн. Цаашид хоёр орны харилцааг өргөжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр парламентын түвшинд санаачлагатай ажиллах боломж бий гэж үзэж байна” гэлээ. 

Ийнхүү талууд хоёр орны боловсрол, эрүүл мэнд, программ хангамж, шинжлэх ухаан, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг ашиглах, Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Энэтхэг улсад сургах, мэргэжил дээшлүүлэх бололцоог бүрдүүлэх, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг эрчимжүүлж, бэхжүүлэх зэрэг асуудлыг хөндөж, санал солилцсон. Түүнчлэн хоёр орны хоорондох нислэгийн тарифыг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллах талаар ярилцав. Мөн энэ үеэр хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцоллоо. Уулзалтад Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын гишүүн эрхэмсэг ноён Нараяан Лал Панчария болон албаны бусад хүмүүс байлцсан юм. 



Мөн энэ өдөр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Тайландын парламентын бүлгийн дарга Х.Болорчулуун манай улсад болж буй Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөнд оролцохоор ирсэн Тайландын Вант Улсын парламентын гишүүн, Хүн ам, хөгжлийн асуудлаарх Азийн парламентчдын форумын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Жетн Сиратранонттай уулзлаа. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун газар нутгийн холоос болоод Монгол, Тайландын харилцаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаа санасан хэмжээнд хөгжиж чадахгүй байна. Манай хоёр орны экспорт, импортын нийлбэр жилдээ ердөө 50 сая ам.доллар байгаа юм. Одоогийн байдал хэдий ийм боловч цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг, тэр дундаа аялал жуулчлалыг өндөр түвшинд хөгжүүлж чадсан Тайландын хөрөнгө оруулалтыг дэмжихэд таатай байх болно гэлээ. 

Ноён Жетн Сиратранонт гадны хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлоготой байгааг сайшаагаад, Тайланд улсад жилд 35 сая жуулчин ирдгийн ихэнх нь хятад иргэд байдаг. Харин монгол иргэд Бүгд Найрамдах Солонгос улс руу их зорчдог тухай сонслоо. Энэ нь гол төлөв эмчлүүлэх зорилготой бөгөөд хоёр улсын хооронд шууд нислэгтэй байдагтай холбоотой санагдлаа. Тиймээс Монгол, Тайландын харилцааг ойртуулан хөгжүүлэхэд хоёр нийслэлийн хооронд шууд нислэгтэй болох нь чухал гэж санагдлаа гэсэн юм хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл