Цэс

Холбоо барих

Төсвийн байнгын хороо долоо асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2018.06.12/ хуралдаанаар Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав.


Татварын ерөнхий хуульд туссан татвар төлөгчийн эрх, үүрэг нь татварын албаны эрх, үүрэгтэй харилцан урвуу хамааралтай байх ёстой боловч өнөөгийн мөрдөгдөж байгаа татварын хууль тогтоомжид татвар төлөгч, татварын албаны хоорондын эрх үүргийн тэнцвэр алдагдаад байгаа аж.

Тиймээс Татварын ерөнхий хуульд туссан дээрх эрх, үүргийн тэнцвэрийг хангах зорилгоор холбогдох зохицуулалтыг бүхэлд нь шинэчлэх, тус хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай шинэ харилцааг хуульчлах нь зүйтэй болжээ. Түүнчлэн татварын хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгож, хуулийн давхардсан зохицуулалтыг арилгах  шаардлага бий болоод байгаа бөгөөд энэ хуулийн хүрээнд цоо шинэ зохицуулалтуудыг тусгажээ. Тухайлбал, татвар төлөгч сайн дурын үндсэн дээр тайлангаа засах эрхтэй болох аж. Одоогийн үйлчилж буй хуулийн хүрээнд татвар төлөгч татварын тайлангаа нэгэнт буруу гаргасан бол засварлах боломжгүй аж. Тиймээс бусад улсуудын туршлагад тулгуурлан татвар төлөгч нь татварын тайлангийн алдаагаа засах боломжийг олгох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Түүнчлэн татварын давуу эрхийн зарчмыг шинээр нэвтрүүлэх, татварын зорилгоор бусад улсуудтай мэдээлэл харилцан солилцдог болох, эрсдэлтэй татварыг урьдчилан хураах, татвар төлөгч татварын өрөө төлөлгүй хөрөнгөө бусдад шилжүүлэх бол уг этгээдээс татварын өрийг төлүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх явдлын эсрэг авах арга хэмжээг шинээр хуульчлахаар тусгажээ.

Мөн одоо үйлчилж байгаа боловч зарчмын хувьд өөрчлөх шаардлагатай зохицуулалтуудыг шинэчилсэн найруулгын төсөлд багтаажээ.

Үүнд, татварын тайлангийн алдааг урьдчилан илрүүлж, татвар төлөгчид туслах үйл ажиллагааг нарийвчлан журамлах, үнэ шилжилтийн зарчмыг олон улсын стандартад нийцүүлж хуульчлах, татварын албаны хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлд үндэслэн хийх, татварын өр төлөх хугацааны хөнгөлөлтийг сунгах, татварын албаны өр хураах ажиллагааны гүйцэтгэлийн эрх мэдлийг өөрчлөх зэрэг зохицуулалтууд тусчээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Оюунхорол, Х.Болорчулуун, Б.Баттөмөр, Ж.Батзандан, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, татварын давуу эрхийн зарчим шинээр нэвтрүүлнэ гэж заасныг хэрхэн ойлгох талаар тодруулж, эрсдэлтэй татварыг урьдчилан хураах зохицуулалтын талаар мэдээлэл авахыг хүссэн.

Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар, татварын өрийг бусад төрлийн авлага, хохирлыг барагдуулсны дараа гаргуулан авч байгаа нь зохимжгүй гэж төсөл санаачлагчид үзсэн бөгөөд дээрх татварын шинэчлэлээр татварын өрийг гаргуулахдаа хүний ам нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулах нэхэмжлэл болон аливаа барьцаат эрхийн дараа нь хураахаар тусгасан байна.

Одоогийн үйлчилж байгаа хуулийн зохицуулалтаар ногдуулах татварын хэмжээ нь тодорхой болсон татвар төлөгч нь татвар төлөхөөс зугтах, эсхүл зугтахыг оролдох зэргээр татварын өр хураах үйл ажиллагаанаас зайлсхийх эрсдэл учирдаг байна. Энэ үед татварын алба тодорхой арга хэмжээ авч чадалгүй татварын орлого алдах явдал түгээмэл гардаг аж.

Өөрөөр хэлбэл, татвар төлөгч татварын тайлан гаргахдаа татварын ногдлоо өөрөө тодорхойлсон боловч татвар төлөх хугацаа нь болоогүй байхад уг хуулийн этгээд нь татан буугдах бол татварын албанд ямар ч эрх хэмжээ байдаггүй аж. Иймд тодорхой эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд татварыг урьдчилан хураадаг зохицуулалтыг нэмж тусгах шаардлага бий болсон хэмээн тайлбарласан.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Төслүүдийн үзэл баримтлалыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Уг хуулийн төсөлд татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэхээр тусгажээ. Одоогийн мөрдөж буй хуулиар аж ахуйн бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн албан татвараа нэг тайлангийн маягтаар, ижил хугацаанд тайлагнаж, төлдөг байна. Иймд хувиараа бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүнийг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, тайлагнах ажиллагааг хялбарчлах зорилгоор хялбаршуулсан татварын тайлагнал, төлөлтийн заалтуудыг төсөлд тусгажээ. Үүний дагуу 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хувь хүн өөрөө хүсвэл нийт татвар ногдох орлогын 1 хувьтай тэнцэх татварыг төлж, жилд нэг удаа тайлагнаж болохоор зааж буй юм байна.


Мөн бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний татварын харилцааг энгийн ойлгомжтой болгож, гадаад улсад төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасч тооцох зарчмыг тусгажээ.

Түүнчлэн байнгын оршин суугч албан татвар төлөгчийн тодорхойлолтыг боловсронгуй болгож, татварын хувь хэмжээ хоорондоо уялдаагүй байсныг уялдуулж, хуулийн хэрэгжилтийг үр ашигтай болгох зохицуулалтуудыг тусгасан байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Батнасан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр байр сууриа илэрхийлсний дараа төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх асуудал дэмжигдэв

Мөн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулсан.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд татварын зорилгоор орлого хүлээн зөвшөөрөх зарчмыг тусгаж, албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагыг тодорхой болгожээ.

Татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэн жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлөхөөр тусгасан байна.

Мөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн гадаад эх үүсвэрээс татах хөрөнгийн зардлыг бууруулах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд өрийн бичиг, хувьцаа гаргасан тохиолдолд ногдол ашгийн болон хүүгийн орлогод ногдох албан татварыг 5 хувиар ногдуулахаар төсөлд оруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын бизнесийн орчин олон улсын тавцанд өрсөлдөх байдал сайжирч, татвар төлөхтэй холбоотой гарах бизнес эрхлэгчдийн зардал буурч, татварын тэгш, шударга байдал дээшлэн, татварын бааз суурь өргөжинө гэж хууль санаачлагч үзэж байгаа аж. Мөн татвараас зайлсхийх, зугтаах явдал багасч, хуулийн дагуу татвараа шударгаар тайлагнах, төлөх явдал нэмэгдэх тул дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй байна гэж тооцжээ.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Дараа нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Төслийн үзэл баримтлалын талаар хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулсан.


Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт саарч, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхи суларснаас цалин хөлс, хөдөлмөрийн орлого төдийлөн нэмэгдээгүй, цаашид дорвитой нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байгаа нь иргэдийн, ялангуяа бага орлоготой иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Тиймээс хувь хүний орлогын албан татварт үзүүлэх хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах замаар бодит орлого, худалдан авах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дээрх хуулийн төслийг боловсруулжээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо 2016 оны 4 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 240.000 төгрөг байхаар тогтоосон юм.

Хувь хүний орлогын албан татварт үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байхаар хуульчлан тогтоовол  татвар төлөгч иргэн жилд 240.000 төгрөг, сард 20.000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх тооцоо байгаа юм байна.


УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн энэхүү хөнгөлөлтийг үзүүлэх асуудлыг Сангийн яам судалж үзсэн үү хэмээн лавласан. Сангийн яам бүх хүмүүст 240.000 төгрөгийн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлбэл орон нутгийн татварын орлого буурна хэмээн үзэж байгаа бөгөөд орон нутгийн төсөвт орох татварын орлого 15-16 тэрбум төгрөгөөр буурна гэсэн тооцоо бий гэсэн хариултыг өгсөн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Мөн өдрийн хуралдаанаар Д.Тогтохсүрэн нарын УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний үргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Хуулийн төсөлд аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн татварын хэлстийн даргыг нийслэлийн татварын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж чөлөөлөхөөр тусгажээ.

Мөн сумын татварын улсын байцаагчийг аймгийн татварын хэлтсийн даргатай зөвшилцөн сумын Засаг дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж гэсэн заалт төсөлд нэмж буй аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.


Дээрх хуульд 21 удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуультай холбоотой төрийн байгууллага хувийн хэвшлийн дунд үл ойлголцол гарсаар байгаа төдийгүй хууль, шүүхийн байгууллагад хандсаар байгаа аж. Дээрх хууль нь дараахь гажуудлыг бий болгож байна гэж үзэн өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн буруу зохицуулалтын улмаас татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулах явдал байсаар байгаа гэлээ. Хуульд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасантай холбоотой тендерт ялсан этгээд чанар муутай, насгүй гүйцэтгэлийг хүлээлгэн өгч буй явдлыг зогсоох зорилгоор чанар гэсэн ойлголтыг тендер үнэлэх гол шалгуур болгож холбогдох өөрчлөлтүүдийг тусгажээ.

Тендер шалгаруулалт нь танил талаа харсан, давуу эрх олгосон хаалттай байдлаар шийдэгдсэн гэсэн сөрөг хандлагыг шийдвэрлэх зорилгоор худалдан авах ажиллагааны цахим системийг нэвтрүүлэх эрх зүйн орчинг бий болгох зэрэг хэдэн хэдэн зохицуулалтыг төсөлд тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.

Энэхүү асуудлын дараа Төрийн аудитын байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн олонхи батлахыг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл