Цэс

Холбоо барих

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.06.15/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.


Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав. Тэрбээр дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.

Тус байнгын хороо 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал, дүгнэлтээ гаргажээ.


Хэлэлцүүлгийн үеэр хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах асуудлыг нарийвчлан зохицуулах журмыг Засгийн газар батлахаар төсөлд тусгах, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх, арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийх зохицуулалтыг төсөлд нэмэх нь зүйтэй гэж үзжээ.

Мөн хуулийн этгээд санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй бол санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаар нийтэд зарлах, ийнхүү зарласнаас хойш 6 сарын дотор хуулийн этгээдээс бичгээр санал, гомдол гаргаагүй, дампуурлын хэрэг үүсгээгүй, санхүүгийн тайлангаа гаргаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, төлбөргүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаархи зүйлийг хуульд шинээр нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн асуулт асуусан бөгөөд хуулийн этгээдийн орон нутаг дахь салбарыг тухай орон нутагт нь бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан эсэхийг тодруулсан. Тэрбээр, хуулийн этгээдийн салбарыг орон нутагт нь бүртгэж, татвараа орон нутагтаа төлдөг байвал тухайн газраасаа ажиллах хүч авч ажиллуулах боломжтой болно хэмээж байлаа.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил  хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг орон нутагт нь бүртгэх зохицуулалтыг тусгахаар санал боловсруулсан хэмээн хариулсан юм.

Ингээд ажлын хэсгээс танилцуулж, Байнгын хороогоор дэмжигдсэн болон дэмжигдээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлээд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав.

Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр ажлын хэсгээс танилцуулсан дараах саналуудыг гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Тухайлбал, улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр улсын бүртгэлийн мэдээллийн сангаас мэдээлэл авах, мэдээлэл нийлүүлэх этгээдийн жагсаалтаас банк, үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийг тус тус хасаж, нотариатчийг үлдээх, үүнтэй холбогдуулан төслийн нэр томьёо, холбогдох зохицуулалтыг өөрчлөх, хуулийн төслийн зохицуулалтыг Иргэний хуульд нийцүүлэх үүднээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсэхээр өөрчилж, улсын бүртгэлийн байгууллагаас өмчлөх эрхийг бүртгэснийг нотлох гэрчилгээ өмчлөгчид олгох, мөн гэрчилгээг дахин олгохтой холбоотой зохицуулалтыг нэмэх санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авчээ.

Мөн газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төсөлд заасан Дундын мэдээллийн санг ашиглан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан цахимаар мэдүүлэг гаргаснаар улсын бүртгэлийн байгууллага газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн дугаар олгохоор төслийн 28 дугаар зүйлийг өөрчлөн найруулах саналыг тусгасан байна.

Түүнчлэн эрхийн улсын бүртгэлд холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагын даргын шийдвэрээр оруулахаар төсөлд тусгасныг улсын байцаагчийн шийдвэрээр өөрчлөхөөр тусгах, эрхийн улсын бүртгэлд тусгах үнийн талаархи зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын заалтыг нэмэх саналыг Хууль зүйн байнгын хороо дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхэллээ

Дараа нь “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.


Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийн зорилго нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцаа, хөрөнгийг хувьчлах замаар хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, улмаар хувьчлалаас олох орлогоор хуулийн этгээдийн техник технологийг шинэчлэн, компанийн засаглалыг хөгжүүлэхэд оршиж байгаа аж.

Төрийн өмчийг хувьчлахдаа олон нийтийн оролцоог хангах, компанийн засаглалыг хөгжүүлэх, хөрөнгийн зах зээлийг дэмжих, төрийн өмчит хуулийн этгээдийн үнэ цэнийг өсгөх, техник технологийг шинэчлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор төрийн өмчит хувьцаат компанийн хувьцааг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлэх, төрийн мэдлийн хувьцааны тодорхой хувийг хөрөнгийн биржээр арилжаалахаар тусгажээ.

Хувийн хэвшилд суурилсан зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих бодлого баримталж, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар дахь төрийн оролцоог бууруулах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор төрийн өмчит зарим хуулийн этгээдийг хөрөнгийн биржээр болон нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлах аж.

Хувьчлалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй зохион байгуулах зарчмыг баримтлах юм байна. 

2018-2020 онд хувьчлагдах аж ахуйн нэгжийн жагсаалтад нийтдээ 27 байгууллага тусгагдсан байна. “Монголын хөрөнгийн бирж” ХХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг Лондонгийн хөрөнгийн биржид төлөх өрд тооцон хувьцаагаар солих санал тавьж, үлдсэн хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжихаар Засгийн газар шийдвэрлэжээ. Харин "Төрийн банк" ХХК-ийн үйл ажиллагааг нь өөрчлөхгүй байх нөхцөлөөр хуульд заасны дагуу Монголбанктай хамтран төрийн эзэмшлийн нийт хувьцааны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн хувийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжиж,  “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг худалдахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн “Хархорин АЗЗА”, “Булган АЗЗА”, “Дорноговь АЗЗА”, “Харгуй”, “Талын зам”, “Эрдэнэсант АЗЗА”, “Багануур АЗЗА”, “Налайх АЗЗА”, “Төв АЗЗА”, “Дархан АЗЗА”, “Сэлэнгэ АЗЗА”, “Орхон АЗЗА”, “Баянчандмань АЗЗА”, “Архангай АЗЗА”, “Өвөрхангай АЗЗА”, “Хөвсгөл АЗЗА”, “Говь-Алтай АЗЗА”, “Ховд АЗЗА”, “Завхан АЗЗА”, “Увс АЗЗА” төрийн өмчит хувьцаат компаниудыг бүрэн хувьчлах буюу нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар төлөвлөжээ. Мөн “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 49 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгож Хөрөнгийн биржээр арилжаалах, “Монгол шуудан” ХК-ийн төрийн эзэмшлийн 51-ээс доошгүй хувийг авч үлдэж, үлдэх хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Хөрөнгийн биржээр арилжаалах, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах, “МИАТ” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалж, төрийн өмчийн хувь хэмжээг бууруулахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байна.


Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа хэлсэн.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл