Цэс

Холбоо барих

ХЗБХ: Улсын бүртгэлийн багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.13) хуралдаан 72.2 хувийн ирцтэйгээр 10 цаг 04 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 


    Засгийн газар 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажлын хэсгийн санал дүгнэлтийг танилцуулав. Ажлын хэсэг хуралдаад төслийг дараах байдлаар анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр улсын бүртгэлийн мэдээллийн сангаас мэдээлэл авах, нийлүүлэх эрх бүхий этгээдэийн жагсаалтаас банк болон үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн хасаж, нотриатчдыг үлдээх, үүнтэй холбогдуулан төслийн нэр томъёо, холбогдох зохицуулалтыг өөрчлөхөөр тусгасан байна. Мөн төслийн зохицуулалтыг Иргэний хуульд нийцүүлэх үүднээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, улсын бүртгэлд бүртгэснээр үүсэхээр өөрчилж, улсын бүртгэлийн байгууллагаас өмчлөх эрхийг бүртгэснийг нотлох гэрчилгээг өмчлөгчид олгох, мөн гэрчилгээг дахин олгохтой холбоотой зохицуулалтыг нэмэх нь зүйтэй хэмээн үзжээ. Газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төсөлд заасан дундын мэдээллийн санг ашиглан, иргэнд аль болох хүнд суртал, чиргэдэл үүсгэхгүй байх үүднээс төслийн 28 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан байна. Эрхийн улсын бүртгэлд холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагын даргын шийдвэрээр оруулахаар тусгасан байсныг улсын байцаагчийн шийдвэрээр өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн гэв. Төсөлд туссан зарим нэр томъёо ижил утгыг агуулж байгаа хэдий ч өөр өөрөөр бичигдсэнийг агуулгад нь тохируулж жигдлэх, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль дахь зохицуулалтыг давхардуулан тусгасныг хасах, эрхийн улсын бүртгэлд тусгах үнийн талаарх зохицуулалтыг нарийвчилж, тодорхой болгох, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын заалтыг нэмэх зэрэг асуудлыг тусган зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг нэгтгэн танилцуулж байгааг ажлын хэсгийн ахлагч танилцуулав. 

    УИХ-ын гишүүн М.Билэгт, Н.Оюундарь, О.Батнасан нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаас хариулт авлаа. Ингээд ажлын хэсгээс бэлтгэн томъёолсон зарчмын зөрүүтэй 25 санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн “эцэг, /эх/-ийн нэр” гэсний дараа “өөрийн нэр” гэж нэмж, 1 дүгээр зүйлийн “бүртгэж баталгаажуулахтай” гэснийг “бүртгэхтэй” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн цаасан болон цахим хэлбэртэй” гэснийг “эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа цаасан болон цахим” гэж өөрчилж, 3.1.5 дахь заалтын “улсын бүртгэлийн” гэсний өмнө “эд хөрөнгийн эрхийн” гэж нэмж, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн “төрийн нууцад” гэснийг “төрийн болон албаны нууцад” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтыг хасахыг гишүүд 76.9 хувийн саналаар дэмжсэн. Түүнчлэн эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх үүсэх 5 дугаар зүйлийн зарим заалтыг өөрчлөн найруулахын хамт 5.3-5.8 дахь хэсгийг нэмэхийг, газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлтэй холбоотой зохицуулалт бүхий төслийн 28 дугаар зүйлийг өөрчлөн найруулахыг гишүүд олонхийн саналаар дэмжин шийдвэрлэсэн. Дараа нь гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасахтай холбоотой зохицуулалтыг төсөлд тусгахыг дэмжлээ

    Үүний дараа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулсан. Хуулийн этгээдийн нэртэй холбоотой асуудлыг нарийвчлан зохицуулах журмыг Засгийн газрын журмаар батлах, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх, арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийх зохицуулалт нэмэх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна. Мөн бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлэх заалтыг нэмэх талаар төсөлд тусгахаар саналын томъёоллыг бэлтгэсэн байна. Хуулийн этгээд санхүүгийн тайлангаа 8 буюу түүнээс дээш сараар дараалан гаргаагүй бол санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаар нийтэд зарлах, ийнхүү зарласнаас хойш 6 сарын дотор хуулийн этгээдээс бичгээр санал гомдол гаргаагүй, дампуурлын хэрэг үүсгээгүй, санхүүгийн тайлангаа гаргаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаарх зүйлийг шинээр нэмж оруулсан гэв. Үүний зэрэгцээ төслийн нэр томъёог бусад хуультай нийцүүлэн жигдлэх, зарим зохицуулалтыг тодруулах зэрэг зарчмын зөрүүтэй нийт 22 саналын томъёоллыг ажлын хэсгээс бэлтгэсэн байна. 


    Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

    Дараа нь УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүнээс 2018 оны тавдугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан. УИХ-ын даргын 2018 оны 76 дугаар захирамжаар төвлөрлийг сааруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг орон нутгийн иргэд, судлаачдын саналаас гадна урьд УИХ-аас авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийн үргэлжлэл болгон нэн тэргүүн төрийн орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог хэвтээ чиглэлд нь оруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Энэ үүднээс 8 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Одоо хэрэгжиж буй хуулиар босоо тогтолцоотой байгааг хэвтээ тогтолцоонд оруулах буюу улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжийн дарга, улсын бүртгэгчийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай  зөвшилцөн тухайн шатны Засаг дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлөх тухай зохицуулалтыг нэмэхээр төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар өмнө нь УИХ-аас төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний  үргэлжлэл болох бөгөөд  орон нутгийн мэргэжлийн байгууллагын  удирдлагыг томилохтой холбогдсон зохицуулалт нэг ижил зарчмаар мөрдөгдөх боломжтой хэмээн үзсэн байна. Ингэснээр төвлөрлийг сааруулах үйл явцын дараагийн шатны арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чухал  суурь болох талаар танилцуулгад дурдав. 


    Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх гишүүн гараагүй, харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал хэлсэн. Төслийн үзэл баримтлалыг дэмжиж буйгаа тэмдэглээд, энэ төслийг Улсын бүртгэлийн багц хуулийн төслүүдтэй нэгтгэх нь зүйтэй гэдэг саналыг илэрхийллээ. Төвлөрлийг сааруулах бодлогын ажлын эхлэл нь эдгээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, цаашдаа төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, чиг үүргийг засаг захиргааны нэгж, шатлал, байгууллага, албан тушаалтнуудаар нь ангилж, нарийвчлан зохицуулах шаардлага бий. Үүнтэй уялдан татварын багц хуулийн төслүүд болон Төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой гэдгийг тэрбээр хэлж байв. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, орон нутаг бүр төсөвтэй, эрх үүргийн хуваарилалттай, хууль хэрэгжүүлэх нарийн зохицуулалттай болгох ажлыг УИХ хийх учир холбогдох талууд анхаарал хандуулан ажиллахыг хүслээ. Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн 75 хувь нь Бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн. 

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ

    Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, мөн зүйлийн 31.4 дэх хэсэг, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. Тус хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал оролцжээ. Хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэснийг зөрчсөн байна хэмээн дүгнэж холбогдох зохицуулалтыг тус өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

    Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй гэж үзсэн байна. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохтой холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох, хууль зүйн техникийн хувьд засаж залруулах шаардлага байгаа талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлтэд дурдсан байна.


    Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асууж, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 6 дугаар сарын  06-ны өдрийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учралаас хариулт авлаа. Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтэд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй.” гэж заасны “... 31.1.2 ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна” гэснийг хүлээн зөвшөөрөх эсэхээр санал хураалт явууллаа. Ингэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь татгалзсан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлд “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх”, “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02, 2015 оны 01, 2016 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн дээрх заалтуудыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн юм. Иймд Шүүх байгуулах тухай хуулийн дээрх заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэхээр энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

     Үндсэн хуулийн холбогдох заалтыг үндэслэн Багахангай дүүрэгт дүүргийн шүүх байгуулахдаа Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хоёр шүүх шинээр байгуулахаар төсөлд тусгасан байна. Мөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу Налайх дүүрэгт хууль зүйн хувьд шүүх байгуулах шаардлага үүссэн тул Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг өөрчлөн байгуулах юм. Төсөл батлагдсанаар Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байгуулахад 4 шүүгч, 4 ажилтан нийт 8 орон тоо нэмэгдэж, шүүгч, ажилтны цалин хөлс, нийгмийн даатгалын зардал, шүүхийн тамга, тэмдэг, хаяг хийлгэх, тавилга, тоног төхөөрөмж, шүүхийн байрны түрээс, ашиглалтын зардал зэрэг шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад 2018 оны сүүлийн хагас жилд нийт 323,2 сая төгрөгийн нэмэлт зардал шаардлагатай бөгөөд Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр төсөлд тусгажээ.


    Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл