Эмхэтгэлийн шинэ дугаарт Орон нутгийн хамгаалалтын тухай, Дайчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон дээрх хууийн хамт батлагдсан хуулиудыг нийтэлсэн байна.
Хуулийн гол үзэл санаа нь тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг бүхий л түвшинд хангах, орон нутгийн хамгаалалтад төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдийн эрх үүргийг тогтоох замаар Монгол Улсын батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, онц болон дайны байдлын үед орон нутгаа хамгаалах замаар Монгол Улсыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийлэлээс ард иргэдийн оролцоотойгоор батлан хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалттай болгож байгаа явдал аж.
Хууль батлагдсанаар тайван цагт болон улс оронд онц болон дайн байдал тохиолдсон үед төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэд орон нутгаа хэрхэн хамгаалах, орон нутгийн хамгаалалтад бэлтгэх замаар улс орноо батлан хамгаалахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээнүүд цогц байдлаар хэрэгжих эрх зүйн зохицуулалт бий болж, улс орноо батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдал хангагдах юм байна.
Мөн дугаарт Хүнсний улаанбуудайн урамшууллыг шинэчлэн тогтоох, үрийн улаанбуудайн үнийг хөнгөлөх тухай, Журам батлах, шагналын хэмжээ тогтоох тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ.
Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдийн дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох урамшууллын хэмжээг 60 мянган төгрөг, IY ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох урамшууллын хэмжээг 50 мянган төгрөгөөр тус тус тогтоожээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.