Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.06.26) хуралдаан 14 цаг 28 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтлоо.
Салбарын хоёр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Байнгын хорооны хуралдаанаар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад хуралдаан даргалагчаас хоёр хуулийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын нэг хэсэг гаргаж ажиллуулах чиглэл өгсний дагуу Байнгын хорооны тогтоолоор батлан хамгаалах салбарын энэ хоёр хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ.
Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг найруулгын чанартай нэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжив.
Дараа нь Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд гишүүдээс мөн асуулт, санал гараагүй. Харин Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг найруулгын чанартай нэг санал гаргасан нь гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэг авсан юм. Ингээд Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, мөн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хуулийн төслүүдийг батлуулахаар тогтов.
Тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Цөмийн энергийн комисс зэрэг байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч болон холбогдох албан тушаалтнууд, Сангийн яамны ажлын хэсэг оролцсон юм.
Тогтоолын төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийлээ. Сангийн сайд танилцуулгадаа, Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 1646 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 5058 төсвийн байгууллага, Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан болон Нийгмийн даатгалын сангуудын төсвүүд хамрагдсан. 2017 оны гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон тусламжийн дүн 7.3 их наяд төгрөгт хүрч, 108.8 хувийн биелэлттэй, зарлага 9.0 их наяд төгрөгт хүрч 95.0 хувийн биелэлттэй гарсан. Нэгдсэн төсвийн тэнцэл 1 их наяд 742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангаж байгааг дурдлаа.
Харин улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон тусламжийн дүн 5.2 их наяд төгрөгт хүрч, 109.4 хувийн биелэлттэй, улсын төсвийн зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч, 96.2 хувийн биелэлттэй гарчээ. өнгөрсн оны гүйцэтгэлээр улсын төсвийн зарлага 7 их наяд 139.6 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 281 тэрбум төгрөгөөр бага гарч, өмнөх оны гүйцэтгэлээс 254.6 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлд тавигддаг тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа. Түүнчлэн Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд анх удаа Үндэсний аудитын газраас зөрчилгүй санал, дүгнэлт гаргасан гэдгийг онцлов.
Үндэсний аудитын газраас 2017 онд батлагдсан сэдвийн хүрээнд төрийн өмчит 128 аж ахуйн нэгжид санхүүгийн аудит хийж, санхүүгийн тайланг нэгтгэхэд 68 хувь нь ашигтай ажилласан дүнтэй гарчээ. Тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаас Батлан хамгаалах яамны тайланд ноцтой зөрчил илрээгүй, харин Гадаад харилцааны яамны тухайд Дипломат төлөөлөгчдийн газруудын санхүүгийн гүйцэтгэл 485 сая төгрөгөөр нэмэгдсэн, АСЕМ-тай холбогдуулж зочид буудал, албан тасалгааны тавилга, хэрэгсэл худалдаж авсан зардлаас 510 сая төгрөгийн авлагыг барагдуулаагүй, дипломат корпусын 85 айлын орон сууцыг үнэ төлбөргүй хувьчилсан нь хууль зөрчихөд хүргэсэн зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Иймээс илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр 7 төлбөрийн акт тавьж, 3 албан шаардлага хүргүүлжээ. Харин Батлан хамгаалах яамны 82 тайлангаас 44 тайланд нь аудит хийхэд аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван байгууллагын тайланд хязгаарлагдмал, бусдыг нь зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргажээ.
Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, О.Содбилэг нар салбарын сайдууд болон хуралдаанд оролцсон ажлын хэсгийн гишүүд, Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтнаас асуулт асууж тодруулав. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, О.Содбилэг нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Асуулт асууж, үг хэлсэн гишүүд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрэээнд хамаардаг байгууллагууд нь улс орны аюулгүй байдлыг хангахад гол үүрэгтэй, албан хаагчид нь тушаалаар үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг бодолцоод энэ салбарын байгууллагуудын төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авч чадахгүй явж ирсэн. Иймээс эдийн засагт нааштай ахиц өөрчлөлт гарч байгаа энэ үед төсвийг нь зохих хэмжээгээр нэмэгдүүлэх, ялангуяа тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчдын цалин хөлсийг нэмэх, нийгмийн баталгааг сайжруулахад Сангийн яам анхаарч, энэ чиглэлээр салбарын яамд, холбогдох байгууллагуудаас гаргасан саналуудыг ирэх оны төсөвт тусгах шаардлагатайг хэлж байлаа.
Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.
Дараа нь хуралдааныг хаалттай горимд шилжүүлж, Батлан хамгаалахын сайдын мэдээлэл сонслоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.