Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 25 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.


Боловсролын тухай хуульд зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй харьяа ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлдөг байсныг сум, дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлж байхаар тус хуульд тусган хуульчилжээ.

Сум, дүүргийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох бөгөөд тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт, аймгийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлж байхаар боллоо.

Мөн дүүргийн Засаг дарга тухайн дүүргийн боловсролын хэлтсийн даргыг нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн нийслэлийн боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх болсон бөгөөд энэхүү зохицуулалт нь одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд тусгагдаагүй байсан тул энэ асуудлыг хуульд нэмж тусган баталсан байна. .

Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсанаар ерөнхий боловсролын сургуулийн захирал нь сургуулийн барилга байгууламж дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай байр, талбай, тоног төхөөрөмжийг нийтийн өмчийг ашиглах, эзэмших, захиран зарцуулахтай холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актаар тогтоосон журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар зориулалтын дагуу түрээслүүлэх эрхтэй болсон байна.

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолуудыг нийтэлсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр тогтоолд Шүүх байгуулах тухай хуулийг нийцүүлэх үүднээс нийслэлийн Багахангай, Налайх дүүргийн дунд ажиллаж байгаа дүүргийн эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүхийг салгаж, Багахангай дүүрэгт тусад нь дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Налайх дүүрэгт мөн дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байгуулах зохицуулалтыг тусгасан Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталжээ.

Түүнчлэн Налайх, Багахангай дүүрэгт тус тусад нь дүүргийн анхан шатны шүүх байгуулахтай холбогдон үүсэх шүүгчийн орон тоо, зохион байгуулалт, төсөв, санхүүгийн асуудлыг Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолуудаар тус тус шийдвэрлэхээр хуульчилсан байна.

Мөн дугаарт “Ноолуур” хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолыг бүрэн эхээр нь нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл