Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол- Их Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд өнөөдөр (2018.07.20) Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Ази, номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн сайд ноён Марк Фийлд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Их Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй энэ цаг мөчид Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Ази, номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн сайд ноён Марк Фийлдийг Монгол Улсад айлчилж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр улс 1963 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж байгааг онцлов.
Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Ази, номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн сайд Марк Фийлд хоёр орны парламент хоорондын болон улс төр, худалдаа, эдийн засгийн гээд олон салбарын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж байдагт Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол- Их Британийн парламентын бүлгийн дарга С.Батболдод тусгайлан талархал илэрхийлсэн юм.
Тэрээр үргэлжлүүлэн, Лондонгийн болон Монголын хөрөнгийн бирж хооронд 2011 онд байгуулж байсан түншлэлийн үр дүн гарч эхэлж байгаад баяртай байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын урсгалыг Монгол руу татахад хөрөнгийн биржийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг онцлов.
Мөн тэрээр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд "Чевнингийн сангийн хамтарсан тэтгэлэг"-т хамрагдаж буй Монгол оюутнууд амжилттай суралцаж байгаа ба улс орондоо өөрсдийн хувь нэмрийг оруулах манлайлагч, мэргэшсэн боловсон хүчин болон бэлтгэгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна гэв.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Батболд, Хоёр орны харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс бол барууны орнуудаас хамгийн анх Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байсныг бид үргэлж санаж, талархаж байдаг. Манай хоёр орон уул уурхай, худалдаа, эдийн засаг, хүнд хөнгөн үйлдвэрлэл зэрэг олон салбарт хамтын ажиллагааг улам өргөжүүлж, боломжоо бүрэн ашиглах нь чухал. Их Британийн туршлагатай, чадварлаг хөрөнгө оруулагчдаас суралцах зүйл бидэнд их байна. Мөн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд "Чевнингийн сангийн хамтарсан тэтгэлэг" хөтөлбөрт жил бүр 10 гаруй оюутан хамрагдан суралцаж байна. Энэ хөтөлбөрт хамрагдсан залуучууд хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал үүрэгтэй. Цаашид хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх, тэднийг ажил хөдөлмөр эрхлэх таатай нөхцөлөөр хангах тал дээр анхаарал хандуулахыг хүсэв. Мөн Хөрөнгийн биржийг Монгол Улсад хөгжүүлэх чиглэлээр хоёр орны хамтын ажиллагаа үр дүнд хүрнэ гэдэгт найдаж буйгаа цохон тэмдэглэсэн юм.
Ноён Марк Фийлд ирэх 10 дугаар сард Монголын парламентын гишүүдийн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад хийх айлчлалын үеэр хамтын ажиллагааны олон чухал асуудлаар ярилцаж, тодорхой шийдвэрт хүрнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол- Их Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг дахин хүсээд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллана гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.