Эмхэтгэлийн шинэ дугаарт Эд
хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг хамт
батлагдсан хуулиудын хамт нийтэлжээ.
2003 онд баталсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэдэггүй байсан бол шинэчлэн баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар бүртгэлийн үнэн зөв, нэгдмэл, бодитой байх нөхцөлийг бүрдүүлэх, эд хөрөнгийн бүхий л эрхийг улсын нэгдсэн бүртгэлд хамруулж, бүртгэлийн улсын хэмжээний статистик мэдээг үнэн зөв, бодитой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүй бүртгэхээр тусгажээ.
Мөн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын эрхээс салангид байдлаар бүртгэснээр газар олголтын давхардал, бүртгэлтэй холбоотой маргаан ихээр гардаг байдлыг өөрчилж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгдмэл байдлыг бүрдүүлэх, зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн /барилга, байгууламж/ өмчлөх эрхийг түүний доорх болон орчны нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэх зохицуулалт шинээр орсон байна.
Түүнчлэн улсын бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хөнгөвчлөх зорилгоор иргэн, хуулийн этгээдээс эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг цахим хэлбэрээр авах, бүртгэлийн байгууллагаас холбогдох лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр өгөх зохицуулалтыг хуульд тусгасан аж.
Улсын бүртгэлийг цахим хэлбэрээр хийх боломжийг бий болгосонтой холбогдуулан нотариатч нь улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр бүртгэлийн мэдээллийн санд хандаж, иргэн, хуулийн этгээдийн өмнөөс цахим бүртгэл хийх, зуучлалын үйл ажиллагаа явуулах боломжтой болсон байна.
Түүнчлэн Иргэний хуультай нийцүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон түүнтэй холбоотой бусад эрх үүсэхээр хуульчилж, улсын бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийг бүртгэлд бүртгэснийг нотолж, гэрчилгээ олгохоор тусгажээ.
Газар, эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд иргэн, хуулийн этгээдийг төрийн байгууллага хооронд явуулж чирэгдэл үүсгэхгүй байх зорилгоор иргэнээс газар эзэмших, ашиглах хүсэлтийг газрын албанд гаргасан тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, газрын даамал Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан дундын мэдээллийн санд хуульд заасан мэдээллийг оруулсны үндсэн цахимаар мэдүүлэг гаргах бөгөөд улсын бүртгэлийн байгууллага дундын мэдээллийн санд нэвтэрч уг мэдээллийг нягталж, шалгаад газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн дугаарыг дундын санруу илгээх бөгөөд газрын алба, газрын даамал улсын бүртгэлийн дугаарыг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд тусган иргэн, хуулийн этгээдэд олгохоор хуульчилсан байна.
Мөн дугаарт Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.