Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Б.Батзориг, Ц.Гарамжав нараас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Монгол Улсад 1992, 1999, 2004, 2010 онд хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааг 4 удаа зохион байгуулсан. Хүн амын хоол тэжээлийн 5 дугаар судалгааг Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 2016-2017 онд зохион байгуулж, судалгаанд Монгол Улсын 21 аймгийн 94 сум, нийслэлийн 8 дүүргийн 30 хорооны 5 хүртэлх насны 2251 хүүхэд, 6-11 насны 1755 хүүхэд, төрөх насны 1944, жирэмсэн 2220 эмэгтэй, 15-49 насны 1384 эрэгтэй, нийт 2249 өрхийн 9554 оролцогчийг хамруулсан. Дээрх судалгаануудын дүнгээс харахад хүн амын дунд бичил тэжээлийн дутал байнга өсөн нэмэгдсээр байна. Хүн амын бичил тэжээлийн дутлыг хамгийн бага зардлаар нөхөх гарц, шийдэл нь хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг амин дэмээр баяжуулах явдал юм.
Уг хууль нь 4 бүлэг 13 зүйлтэй, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.
Хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааны дүнг үндэслэн эрүүл мэндийн болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран албан журмаар баяжуулах хүнсний саналыг Засгийн газарт хүргүүлэх бөгөөд тухайн саналыг үндэслэн албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтыг Засгийн газар батална.
Улмаар албан журмаар баяжуулах хүнсний төрөл тус бүрээр Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь бүтээгдэхүүний үндэсний стандартыг батална.
Үндэсний стандартын хүрээнд тухайн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүнээ баяжуулж үйлдвэрлэнэ.
Хууль хэрэгжсэнээр:
-хүн амын эрүүл мэндийг хамгаалах;
-амьжиргааны баталгаажих доод түвшинээс доогуур орлоготой иргэд шим тэжээллэг хүнс хэрэглэх боломж бүрдэх;
-бага зардлаар хүн амын аминдэмийн хэрэгцээг хангах;
-улирлын чанартай шим тэжээлийн дутлаас сэргийлэх;
-хүүхдийн оюуны болон бие бялдрын өсөлт хөгжилтөд эерэг нөлөөлөл үзүүлнэ.
Хууль, эрх зүйн хэлтэс