Цэс

Холбоо барих

М.Оюунчимэг: Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 720 хүүхэд суралцах сургуулийг Чингэлтэй дүүрэгт барьж эхэллээ

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр (2018.08.24) Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж эхэлсэн 720  хүүхэд суралцах хүчин чадалтай ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажил, газар, орчинтой танилцаж ажиллав.


Япон Улсын Засгийн газраас  манай улсад 1999 оноос эхлэн “Бага боловсролын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах” төслийг  хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн тавдугаар шатны хүрээнд Улаанбаатар хотод шинээр хоёр сургууль барих болон хоёр сургуулийг өргөтгөх болсон байна. Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд барьж эхэлсэн 720  хүүхэд суралцах хүчин чадалтай энэхүү сургууль юм.

Сургуулийн барилгын ажлын нээлтэд хэлсэн үгэндээ УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Чингэлтэй дүүргийн долдугаар хороо нэг ч сургуульгүй, энэ хороонд сургуулийн насны 2500 хүүхэд байна. Хүүхдүүд бусад дүүргийн гурван ээлжтэй сургуулиудад суралцдаг. Энэ хүндрэлийн ард гарах боломжийг тавьж байгаа Япон Улсын Засгийн газар, Япон Улсын “Жайка” байгууллагын хамт олон, Японы ард түмэнд чинь сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.  

Түүнчлэн тэрбээр, Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Бага боловсролын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах” төслийн тавдугаар шатны хүрээнд энэ сургуулиас гадна Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өртөтгөл, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүхдийн хүчин чадалтай өргөтгөлийг барих  юм. Энэ сургуулиудыг барих, барилгыг өргөтгөхөд манай талаас 2 тэрбум төгрөг гаргах байсныг 2018 оны улсын төсөв хэлэлцэж байхад төсөвт суулгуулж, гар бие оролцсондоо баяртай байна. 1999 оноос хойш Япон Улс Монголын бага, дунд сургуулийг барих, өргөтгөх ажилд 220 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.  

Боловсрол гэдэг бол хүний хүсэл мөрөөдөл, амьдралын баталгаа болдог. Энэ сургуульд суралцсан хүүхдүүд төгсөөд Япон улсад их, дээд сургуульд суралцах боломж байгаа гэдгийг сая Элчин сайд хэлсэн. Үүнд их баяртай байна” гэлээ.


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Өмнөх дөрвөн шатны төслийн хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар шинэ сургууль болон өргөтгөл 55-ыг барьж ашиглалтад оруулсан. Энэхүү тав дахь шатны төслийн хүрээнд бүх тооцоо, судалгааг хийснээр дөрвөн сургуулийн барилгын ажил цогцоороо эхэллээ. Энэ сургуулиуд ашиглалтад орсноор 2400 хүүхэд сургуультай болно. Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны энэ сургууль хотоос алслагдсан бүсэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах стандартаар барьж, ашиглах учир маш чухал төсөл болж байна” гэв.

Жайка” байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми “Жайка байгууллага нь сургуулийн барилга хүрэлцээгүй байсан 1990-ээд оноос эхлэн уг асуудлыг шийдэхэд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна. Энэ газарт тэргэнцэртэй хүүхэд явах зориулалттай, аль болох шат багатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй сургууль барина. Мөн байгалийн гамшгийн үед түр хоргодох байр болгож ашиглах боломжтойгоор эрчим хүч бага зарцуулах техникийн дэвшилттэй тоног төхөөрөмжийг ашиглаж барилгыг барих болно. Ингэснээр өндөр чанартай, жишиг сургууль болох болов уу” хэмээлээ.


Сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх энэхүү нээлтийн үйл ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Масато Такаока болон нийслэл, дүүргийн удирдлагууд, төслийн зөвлөх, гүйцэтгэгч компаниудын ажилтнууд оролцлоо.  



Сургуулийг дэлхийн орчин үеийн боловсролын байгууллагын стандартын дагуу барьж, сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ашиглалтад оруулах ажил 2020 оны хичээлийн жилийн өмнө дуусна гэж холбогдох албаны хүмүүс тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл