Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 30 дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг хамт батлагдсан хуулиудын хамт нийтэлжээ. Хуулийн этгээдийн хэлбэрийг Иргэний хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн өөрчилж, нөхөрлөл, компани, холбоо /төрийн бус байгууллага/, сан, хоршоо, шашны байгууллага, нийтийн эрх зүйн хуулийн этгээд, төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэсэн хэлбэрээр улсын бүртгэлд бүртгэх болжээ.

Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хөнгөвчлөх зорилгоор улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг цахим хэлбэрээр авах, лавлагааг цахим хэлбэрээр өгөх, цахим гэрчилгээ олгох, хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг цахим хэлбэрээр гаргах зэрэг зохицуулалтыг хуульд тусгасан байна. Ингэснээр иргэн, хуулийн этгээд дээр дурдсан үйлчилгээг цахим хэлбэрээр, эсхүл цаасан хэлбэрээр сонгон авах боломжтой болжээ.

Улсын бүртгэл хийхдээ иргэн, хуулийн этгээдээс хуульд тухайлан заагаагүй баримт бичиг авч ирэхийг бусад дүрэм, журмын хүрээнд шаарддаг байсныг өөрчлөн зөвхөн хуулиар тогтоосон баримт бичгийг шаардахаар зохицуулж, зарим төрлийн бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх хугацаа тодорхойгүй байснаас иргэн, хуулийн этгээдийг чирэгдүүлдэг байсан тул хуульд хугацааг тодорхой зааж өгчээ.

Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаагаа явуулах нутагт дэвсгэрт нь улсын бүртгэлд бүртгэхээр болсон байна.

Түүнчлэн эмхэтгэлд Улсын бүртгэлийн багц хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан Иргэний хуулийн суурь зохицуулалт, үзэл баримтлалд нийцүүлэн Газрын тухай болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн төслийг 2019 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ. Мөн төрийн мэдээлэл солилцох, түүний аюулгүй байдлыг хангах, өгөгдөл хамгаалах, цахим засгийг бэхжүүлэхтэй холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой арга хэмжээг судалж танилцуулах, улсын бүртгэлийн багц хуулийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах, түүнтэй холбоотой нэмэлт зардлыг санхүүжүүлэхийг УИХ-ын тогтоолоор даалгажээ.

Түүнчлэн Шүүгчийн албан тушаалд томилох тухай, Зарлиг хүчингүй болгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл