Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2018.08.15) манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Дотоод хэргийн сайд Камман Сүнвилөт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол, Лаос хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай явагдаж буйг Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзалтын эхэнд тэмдэглээд энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Хоёр улсын төр, засгийн өндөр дээд түвшний харилцаа тогтмол үргэлжилж ирсэн бөгөөд ялангуяа хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцаа сүүлийн жилүүдэд тогтмолжин, идэвхтэй өрнөж буйг дурдсан юм. Цаашид эдийн засгийн агуулгаар баяжуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг тэрбээр тэмдэглэлээ.
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийг парламент шинэчлэн баталж, 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх бэлтгэл өрнөж буй үеэр ноён Камман Сүнвилөтийн энэ удаагийн айлчлал таарч байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэв. Иймд айлчлалын хүрээнд Лаос улсын төрийн албаны үндсэн зарчим, бүтэц, зохион байгуулалтын талаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөл судалж, энэ чиглэлээр талууд харилцан санал солилцож, туршлага хуваалцах боломж өргөн байгааг хэлэв.
Хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 2018 оны арваннэгдүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотноо хуралдахаар шийдвэрлэсэн нь хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа М.Энхболд дарга тэмдэглэв. Энэ хуралдаанаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үүсч буй хүндрэл бэрхшээлүүд, мөн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд шаардлагатай байгаа хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар нягтлан ярилцана хэмээн найдаж байна гэв. Тус хуралдаанаас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр санал гарвал Монгол Улсын Их Хурал дэмжин ажиллах болно гэдгийг илэрхийлсэн юм.
Ноён Камман Сүнвилөт хоёр орны төрийн албаны удирдах байгууллагууд энэ удаагийн айлчлалын хүрээнд туршлага солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байгааг онцлоод, “Айлчлалын хүрээнд болж буй уулзалтын үеэр Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийн талаар мэдээлэл авсан. Энэхүү өөрчлөлт, шинэчлэлтийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцсон бөгөөд Лаос улсын хувьд онцлон сонирхох, туршлага болгон судлах зүйлс олон байна” гэв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёр орны хамтын ажиллагаа сайн байгаа хэдий ч худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц бололцоогоо бүрэн ашиглахгүй байгаа гэж үзэж байна гээд олон улсын стандарт хангасан мах, махан бүтээгдэхүүнийг Лаос Улс Монгол Улсаас импортлох боломж бийг тэмдэглэв. Энэ чиглэлд хоёр талаас зохих анхаарал тавих нь зүйтэй гэлээ. Түүнчлэн уул уурхай болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр талууд санаачилгатай, үр дүнтэй хамтран ажиллах нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлэв. Аливаа улс орны хөгжлийн суурь болох мэдлэг, боловсролтой иргэдийг төлөвшүүлэх бөгөөд Монгол, Лаос улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа идэвхтэй байдгийг онцлон дурдлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга М.Энхболд олон улс, бүс нутгийн түвшин дэх Монгол, Лаос улсын хамтын ажиллагааны талаарх байр сууриа илэрхийлж, Ази-Номхон далайн бүс нутгийн худалдаа, эдийн засгийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох манай улсын сонирхолыг БНАЛАУ-ын төр засгийн зүгээс дэмжнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн.
Ноён Камман Сүнвилөт эдгээр саналыг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр холбогдох яамд хамтран судалгаа дүгнэлт хийж, чиглэл зорилгоо цаг алдалгүй нарийвчлан тодорхойлж, ажил хэрэг болгох талаар хоёр талаас хүчин чармайлт тавих нь чухал юм хэмээн уулзалтын төгсгөлд тэмдэглэлээ.
Уулзалтад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Монгол Улсаас БНАЛАУ-д суух Элчин сайд Л.Галбадрах, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сиалункон Сенг-Утон зэрэг албаны хүмүүс байлцлаа.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2018.08.15