Цэс

Холбоо барих

Монгол-Лаосын парламентын бүлгийн гишүүд БНАЛАУ-ын Дотоод хэргийн сайд Камман Сүнвилөт тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва, Г.Мөнхцэцэг нар өнөөдөр (2018.08.16) манай улсад Төрийн албаны зөвлөлийн урилгаар айлчилж байгаа  Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Дотоод хэргийн сайд Камман Сүнвилөт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг, Монгол-Лаосын парламентын бүлэг болон хоёр орны парламент, Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөөд Төрийн албаны тухай хуулийг парламент шинэчлэн баталсан энэ цаг үед айлчилж, туршлага солилцож байгаа нь ач холбогдолтой хэмээн тэмдэглэв.


Тэрбээр мөн Монгол-Лаосын парламентын бүлгийн зүгээс хоёр орны олон талт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийг эрэлхийлэн ажиллаж байгааг дурьдлаа.

Ноён Камман Сүнвилөт айлчлалын бүрэлдэхүүн болон айлчлалын хүрээнд болсон уулзалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаанаас бидэнд туршлага болгож авах зүйл их байна хэмээн тэмдэглэсэн.  


Уулзалтаар талууд хоёр орны парламентын болон бусад олон талт харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, төрийн албаны чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллах асуудлаар санал солилцсон юм.

Уулзалтад Монгол Улсаас БНАЛАУ-д суух Элчин сайд Л.Галбадрах, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сиалункон Сенг-Утон зэрэг албаны хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл