Цэс

Холбоо барих

УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор “Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018” болно

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор 2018 оны наймдугаар сарын 17-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018”-ыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр (2018.08.16) Төрийн ордноо боллоо.


Зохион байгуулах хорооны дарга, Улсын Их Хурлын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав хурлын эхэнд, “Шатар монголоос үүдэлтэй гэдэг. Манай шатрын нас, насны тамирчдын амжилт жил ирэх тутам нэмэгдэж байгаад баяртай байна. Олон улсын чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байгаа нь олон талын ач холбогдолтой. Хэдийгээр манай улс эдийн засгийн хөгжлөөрөө бусад улс орнуудтай харьцуулахад төдийлөн сайн биш ч гэсэн оюуны чадавхаараа дэлхийд тэргүүлж байна. Гадаадад зохион байгуулагдаж байгаа тэмцээнүүдэд төсөв, мөнгөний асуудлаас болж 10 орчим тамирчин л оролцдог бол эх орондоо болох томоохон тэмцээнд илүү олон тамирчин оруулж, чансааг нь ахиулах, ур чадварыг нь нэмэгдүүлэх боломжтой. Дэлхийн шатрын холбоо, Азийн шатрын холбооноос Монгол Улсыг сонгож, энэ жилийн Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг зохион байгуулах эрхийг олгосон нь бидэнд үзүүлж буй том итгэл, хариуцлага юм. Манай улсад шатрын спортын хөгжил ямар байгааг илтгэж байгаа нэг үзүүлэлт гэж бодож байна. Энэ удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж чадвал магадгүй дараагийн Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг эх орондоо хийх боломж бүрдэхийг үгүйсгэхгүй. Тамирчдаа бэлтгэх, олон улсад үзүүлэх амжилтыг нь нэмэгдүүлэх үүднээс олон талын ажлыг зохион байгуулж байна” хэмээн онцлов.


Монголын шатрын холбооноос олон улсын чанартай шатрын тэмцээнийг гурав дахь жилдээ ийнхүү эх орондоо зохион байгуулж байгаа бөгөөд Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээний хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Биеийн тамир спортын газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, Баянгол зочид буудал зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Одоогоор тэмцээнд оролцохоор Австрали, Хятад, Энэтхэг, Солонгос, Индонез, Хонконг, Киргизтан, Казакстан, Узбек, Непал, Сингапур, Бангладеш, Иран, Тимур зэрэг 15 орны 46 тамирчин мэдүүлгээ ирүүлээд байгаа бол манай улсын 70 гаруй тамирчин бүртгүүлжээ.


Мөн “Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018”-ын хүрээнд “Mongolian open-2018”, өсвөрийн шатарчдын “Ирээдүйн олимп-2018”, “Ахмадын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018” зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулах юм. Эдгээр тэмцээнүүдэд 400 орчим тамирчин оролцохоор бүртгүүлсэн гэдгийг Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ц.Цогбаяр танилцууллаа. 

Уг хуралд Монголын шатрын холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яам, Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн замын цагдаагийн газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл