УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн (2018.06.28) хуралдаанаараа гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулга хийв. Ажлын хэсэг Б.Баттөмөр, Б.Жавхлан, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нар оролцсон бөгөөд хоёр асуудлаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Үүнд тогтоолын төслийн 1 дэх заалтын 5 дахь дэд заалтыг “6. Энэ тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад тусгагдсан биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, 2018 онд багтаан УИХ-ыд танилцуулах”, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах УИХ-д өргөн мэдүүлэх” хэмээн өөрчлөн найруулж, дэс дугаарыг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн төслийн 2 дахь заалтаас “УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтыг хүчингүй болгох” гэснийг хасч, 2 дахь заалтыг “Эрдэнэс Тавантолгойгийн” гэж өөрчлөх, “УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтыг “Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдсантай нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 34-өөс доошгүй хувийг нийт иргэд эзэмших, нийтийн эзэмшлийн компани болгон өөрчлөн зохион байгуулах асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх” гэж өөрчлөхөөр саналын томъёолол боловсруулжээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга хийгээгүй тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Үүний дараа “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад 90.9 хувиар гишүүд дэмжив. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
“Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилж, Б.Ундармаа гишүүн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг танилцуулсан.
Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй саналын томъёолол бэлтгэх шаардлагагүй хэмээн үзсэн байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан төслийг анхны хэлэлцүүлэгээр нь батлуулах горимын саналыг гаргалаа. Энэхүү төслийн хүрээнд Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэх бөгөөд энэ онд бэлтгэл ажлыг хангах бололцоог бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа тэрбээр тайлбарласан юм. Ийнхүү горимын саналаар санал хураалт явуулан шийдвэрлэхэд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг танилцуулав. Агаарын тээврийн зах зээлийг үе шаттай чөлөөлөх, нислэгийн давтамжийг суудлын багтаамжтай уялдуулах, зах зээлийн либералчлалыг бий болгохыг ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Болд, Д.Тэрбишдагва нар дэмжсэн гэв. Үүний зэрэгцээ үндэсний авиа компаниа дампууруулах, үйл ажиллагааг сулруулах нөлөөллийг үзүүлэхгүй байх тал дээр онцгойлон анхаарах нь зүйтэй гэдэг саналыг гаргасан байна.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга хийгээгүй тул УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг “Зарчмын зөрүүтэй саналын томъёолол байхгүй учир төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргаж байна” гэв. Энэ дагуу санал хураалт явуулахад Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар бол хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.