Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар өөрсдийн санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр /2018.06.28/ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.
Валютын зохицуулалтын тухай хууль нь 1994 оны 5 дугаар сарын 12-ны өдөр УИХ-аар батлагдсанаас хойш 22 жилийн хугацаанд 19 удаагийн нэмэлт өөрчлөлт оржээ. Хууль зүйн яамнаас “Валютын зохицуулалтын тухай” хуульд 2009 онд шинжилгээ хийн давхардал 3, зөрчил 18, хийдэл 30 гарч байна уг хуулийг нэн даруй шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан ч одоог хүртэл шинэчлэгдээгүй учраас ийнхүү 7 бүлэг, 21 зүйл бүхий шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар валютын захын бүтэц зохион байгуулалт, гадаад валютын урсгал, гадаад валютын зах, арилжаанд оролцогчдод тавих хяналт, ханшийн хөөрөгдөл бий болох нөхцөл байдлаас сэргийлэх бодлого зохицуулалт, ханшийн хэлбэлзлийн эсрэг авах арга хэмжээ, гадаад валютын захад оролцогчийн хүлээх үүрэг хариуцлага, зэрэг тулгамдсан өнөөгийн асуудлыг цогцоор шийдвэрлэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэх харилцааг нэгтгэх, зарим хуулийн этгээдийн онцлогийг тусгах, хяналт, хариуцлагыг тодорхой болгохын зэрэгцээ гадаад секторын статистик, тоон мэдээллийн чанарыг олон улсын жишигт нийцүүлэх ач холбогдолтой гэжээ.
УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2018.06.28