Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа өнөөдөр (2018.06.28) Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтриг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Австралийн Засгийн газар Монгол улстай уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой, ялангуяа Монгол улсад хөгжиж эхлээгүй уул уурхайн түүхий эдэд суурилсан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулж, хөгжүүлэх хамтын ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Элчин сайдтай хамт яваа Австралийн “Экспорт, даатгалын санхүүгийн корпораци” (EFIC)-ийн ахлах эдийн засагч Кассандра Винзенриэг танилцууллаа. EFIC нь Оюу толгой төсөлд 150 сая америк долларын санхүүгийн хөрөнгө оруулалт хийсэн Австралийн томоохон санхүүгийн байгууллага бөгөөд Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар илүү мэдээлэлтэй болох, оруулсан хөрөнгө оруулалтынхаа явц байдлын талаар танилцахаар Монголд ирээд байгааг дуулгалаа.
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа Монгол Улсын макро эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүд тогтворжиж, төсвийн орлого нэмэгдэж байгааг дурьдаад Олон улсын валютын сантай хамтарч хэрэгжүүлж буй “Санхүүжилтийн өргөтгөсөн хөтөлбөр” нь тодорхой үр дүнд хүрч байгаа ч гадаад зээлийн хэмжээ огцом өсч, уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн бүтцэд дорвитой өөрчлөлт гарч чадахгүй байгаад санаа зовниж байгаа, мөн томоохон төслүүдийг үр ашигтай байдлаар хэрэгжүүлэх асуудал Монголын Засгийн газрын шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай ажил бөгөөд “Эрдэнэс Таван толгой” төслийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ хэлэлцэж буйг мэдээллээ.
Мөн “Оюутолгой” төсөлтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдэхгүй байгаа нь Монгол Улсын Засгийн газрыг бусад олон төсөлд хөрөнгө оруулагч талуудтай хамтран ажиллахад саад болж буйг онцолж, УИХ-аас хийж буй шалгалт богино хугацаанд, үр дүнтэй, үнэн зөв, бодитой шийдвэртэй гарна гэдэгт найдаж байгаа бөгөөд тус ажлын хэсгийн гишүүний хувьд энэ зарчмаар ажиллаж байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.