“Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа
УИХ-ын
чуулганы өнөөдрийн /2018.06.29/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын
Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их
Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
“Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулж, Байнгын хорооны 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
Тогтоолын төслийн талаар хууль санаачлагчид болон УИХ дахь намын бүлгүүд, Байнгын хороодоос урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2, УИХ дахь намын бүлгүүдээс 27, УИХ-ын гишүүд, Байнгын хороодоос 37, Монгол Улсын Засгийн газраас 104, нийт давхардсан тоогоор 170 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар саналаа ирүүлсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан.
Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахдаа дараахь зарчмыг баримталлаа. Үүнд:
1. Намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд,
2. УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод эхний ээлжинд хэлэлцүүлэхээр саналаа ирүүлсэн төслүүд,
3. Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд заасан болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийг нэр заан тусгасан гэлээ.
Түүнчлэн хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд тогтоолд нэр заагаагүй хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрд шийдвэрлэж байхаар
төсөлд тусгажээ.
Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын төсөл, УИХ-ын гишүүн Н.Энхболд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг уг тогтоолд тусгуулах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй хэмээн үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин тогтоолыг эцэслэн баталлаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагаас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус тус Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын нэгтгэсэн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн санал авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусгаж эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.
Дээрх хууль, тогтоолын төслүүдийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулгадаа дурдсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд чуулган, Байнгын хорооны хуралдааны үеэр бусдын нэр хүндэд халдах, гүтгэн доромжлох үйлдэл гаргасан УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудлыг хуульд хэрхэн тусгасныг тодруулж, УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлага, УИХ-д нэр дэвшигчид тавих шаардлагын талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн.
Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хууль, тогтоолын төслүүдийг баталлаа.
Тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр баталлаа
Дараа нь “Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдээс санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тогтоолыг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан.
Төмрийн хүдэр, нүүрсний болон бусад эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх зорилгоор Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгахаар тогтоолын төслийг боловсруулсан юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоолыг баталлаа.
Үргэлжлүүлээд “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Дээрх бодлогын баримт бичгийн 3.8, 3.9 дэх заалтыг өөрчлөн найруулж буй бөгөөд “Агаарын тээврийн зах зээлийг үе шаттай чөлөөлж, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих зорилгоор олон улсын нислэгийн шугамыг хуваарилахдаа нислэгийн давтамжийг суудлын багтаамжтай уялдуулах чиглэл баримтална” хэмээн өөрчилж буй аж. Түүнчлэн гадаад улсаас Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан, ижил тэнцүү орчинд өрсөлдөх, үндэсний агаарын тээвэрлэгчийн өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэл баримтална хэмээн заажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд МИАТ ХК-ийн хувьчлал, тус компанийн менежмент, түүнийг сайжруулах, тийзийн үнийг хямдруулах боломж, тус компанийн хэт том бүтцийг багасган, үр ашигтай ажиллуулах асуудлаар мэдээлэл авч, байр сууриа илэрхийлсэн.
Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тогтоолыг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тэрхүү саналыг дэмжин тогтоолыг баталлаа.
“Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолыг батлав
Түүнчлэн “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.
Эдийн засгийн байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэг бүрчлэн тусгаж, тогтоолын төслийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, нэр томьёо, хэл найруулгын засвар, өөрчлөлтийг хийжээ.
Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтын үндэслэн Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Д.Эрдэнэбат нараас “Эрдэнэс Монгол” ХХК-ийг нийтийн эзэмшлийн компани болгон зохион байгуулах асуудлыг судлах, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хувийг биржээр арилжаалахын өмнө Улсын Их Хуралд танилцуулах гэсэн саналуудыг тогтоолын төсөлд нэмж тусгах талаар Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу Байнгын хороо хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн хэмээн танилцуулсан юм.
Эцсийн хэлэлцүүлгэтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулан үйл ажиллагаа өргөжсөнөөр өмнийн говьд томоохон хэмжээний ямар бүтээн байгуулалтууд хийгдэх вэ. Хэчнээн жижиг, дунд үйлдвэрүүд байгуулагдаж, хэдий тооны ажлын байр бий болох вэ хэмээн лавласан.
Ажлын хэсгээс хариулснаар, Өмнийн говьд авто зам, төмөр зам, цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, гадаргын усны бүтээн байгуулалтын ажил гэсэн томоохон төслүүд хэрэгжих юм байна. Макро эдийн засгийн тооцоогоор барилга, зам тээврийн салбарт шууд өсөлт гарч, дагалдах жижиг, дунд үйлдвэрүүд олноор байгуулагдан, хэрэгжих төсөл тус бүр дээр багадаа 200-300, томоохон төслүүдийн хүрээнд 1000 орчим ажлын байр бий болох юм байна. Төсөл хэрэгжих эхний жилд 5000-8000 шууд ажлын байр бий болно хэмээн үзэж байгаа бөгөөд энэ тоонд бусад туслан гүйцэтгэгчдийн бий болгох шууд бус айлын байрны тоо багтаагүй аж. Түүнчлэн өмнийн говьд хүн амын суурьшилт ихээр явагдаж, хот байгуулалтын ажил явагдана хэмээн хариуллаа.
Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.