Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.26) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэсэн билээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэх үед үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл, суутган татварын хувь, удирдлагын зардал болон бусад асуудлаар УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг судлан үзэж, төслийг дахин боловсруулан танилцуулж байна. Үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэл байгуулах зохицуулалтыг уул уурхай, олборлох салбарын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн хувьд хэвээр үлдээж, хуулийн төслийг илүү ойлгомжтой болгох үүднээс тодорхой техникийн засваруудыг хийсэн болно гэж байлаа.
Түүнчлэн, Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчийн тухайн өрийн хэрэгслийн хүүгийн орлого, хувьцаа, нэгж эрхийн ногдол ашгийн орлогод 5 хувиар ногдуулах заалтыг олборлох салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжид хамаарахгүй байхаар хуулийн төсөлд тусгалаа. Татварын хуулийн шинэчлэлийг цогцоор нь хийх, Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулах үүднээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, эдгээр хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлэх шаардлагатай байна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлов.
Хуулийн төслүүдийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн, Н.Амарзаяа, О.Батнасан, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдээс гаргасан саналыг энэхүү хуулийн төсөлд хэрхэн тусгасан, Засгийн газраас өргөн барьсан төсөл, УИХ-ын гишүүдээс санаачилсан төсөлд нэг хувийн татвар авах аж ахуй нэгжүүдийн борлуулалтын орлогын хэмжээ өөр байгааг хэрхэн нэгтгэх талаар тодруулж байв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, хуулийн төсөлд гишүүдийн гаргасан саналуудыг тусгаж, өөрчлөлтүүдийг оруулсан. Тухайлбал, барилга байгууламжийн элэгдэл, хоргодол тооцох олон улсын жишгийг харгалзан төсөлд 25 жил болгосон. Гэхдээ энэ заалт уул уурхай, олборлох салбарт хамаарахгүй гэдгийг төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэл байгуулах зохицуулалтыг уул уурхай, олборлох салбарын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн хувьд 40 жил байхаар хэвээр үлдээсэн. Дараагийн томоохон өөрчлөлт нь хуулийн төсөлд газрын тохижилтод овоолго орохгүй гэж тодорхой зааж өгсөн гэдгийг хариултдаа дурдав.
Мөн тэрбээр хариултдаа, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 1,5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг 1 хувь болгох талаар МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан. Хуулийн төсөлд тусгасан заалтыг ч үүнтэй уялдуулсан бөгөөд борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс эхлүүлэх гол шалтгаан нь цахим бүртгэлийн тогтолцоо руу зардлыг бүртгэх замаар том арга хэмжээрүү шилжиж байгаа. Татварын бааз сууриа өргөжүүлсэний дараа 2.5 тэрбум төгрөг гэсэн босго руу аажмаар шилжих боломж бий гэдгийг онцлов.
Ингээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Харин Татварын багц хуулийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахыг түр хойшлууллаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцсэний дараа Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэхээр боллоо.
Монгол Улсын Ерөнхий аудитор 2019 оны төсвийн төслөө татаж авав
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж, энэ талаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий аудиторын төсвийн 2019 оны төсвийн төслийг нийт дүнгээр 29,315.0 сая төгрөг, үүнээс урсгал төсвийн төслийг 76.0 хувь буюу 22,084.7 сая төгрөг, хөрөнгө оруулалтын төсвийн төслийг 24.0 хувь буюу 7,230.3 сая төгрөг байхаар тооцов. Энэ 2018 оны төлөвлөгөөнөөс 17,784.4 сая төгрөгөөр нэмэгдэхээр тооцжээ. Урсгал зардлын 45.1 хувийг цалин хөлс болон нэмэгдэл урамшууллын зардал, 54.9 хувийг бусад зардал эзэлж байгаа аж.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Батнасан, Ш.Раднаасэд нар Үндэсний аудитын газар төсвийн зардлаа 75 хувь нэмсэнийг багасгах, зардал үүсгэх аргачлал буруу, тэвчиж болох зардлыг хасч оруулж ирэх шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, 2019 оны төсөв нь 2018 оныхоос 17,784.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасныг шүүмжлээд төсвийн төслийг зүйл, заалтаар нэмсэн шалтгааныг тодруулав.
Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар цалин, хөлс болон нэмэгдэл урамшууллын зардлыг 8,894.6 сая төгрөгөөр төлөвлөж, урьд оноос 2,550.1 сая төгрөгөөр нэмэгдсэн нь УИХ-ын 2018 оны 21 дүгээр тогтоолоор ТАБ-ын албан хаагчдын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30 хүртэл хувиар, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 25 хүртэл хувиар, мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 35 хүртэл хувиар олгохоор батлагдсан болон Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсаны дагуу төрийн албан хаагчдад хагас, бүтэн жилээр үр дүнгийн урамшуулал олгохоор төлөвлөсөн нь нөлөөлсөн гэж байлаа. Мөн тэрбээр, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 490.1 сая төгрөгийг тусгаж, урьд оноос нэмэгдсэн нь орон нутаг дахь төрийн аудитын газруудад байр, ашиглалтын болон түрээсийн зардлыг төлөвлөсөнтэй холбоотой нэмэгдсэн гэж тайлбарлав.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийн төслийг татаж авахыг сануулж, гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, дахин оруулж ирэхийг үүрэг болгов. Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар төслийн танилцуулгаа татаж авснаар хэлэлцэх асуудлыг хойшлуулсан.
Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Хуралдааны төгсгөлд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан.
Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай 1949 оны хэлэлцээрт төмөр замын барилга ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалуудыг шалгах үзэх, гааль, татвар хураахгүй Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлэх үүргийг хүлээсэн байна.
Гэвч “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд 1998 оны 07 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд төлсөн НӨАТ-ыг Гаалийн Ерөнхий газрын нэхэмжилсэн 167.0 сая төгрөгийг дизель түлшний онцгой албан татвар суутган тооцох хүсэлтийг гаргасан үеэс эхлэн тус нийгэмлэг өөрийн хэрэгцээнд импортлон оруулж байсан технологийн зориулалттай дизелийн түлш, автобензинд албан татвар болон онцгой албан татварыг улсын төсөвт төвлөрүүлдэг болжээ. 1998-2015 оны хоорон зөвхөн дизель түлшний онцгой албан татварт 73.8 тэрбум төгрөг төлсөн байна.
Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай 1949 онд байгуулсан хэлэлцээрийг дагаж мөрдөх хүсэлтийг тус нийгэмлэг болон ОХУ-ын талаас удаа дараа тавьсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг онцгой албан татвараас чөлөөлсөн байна.
Мөн Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дотоод хэрэгцээнд 1998-2015 онд импортолсон дизель түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 төгрөгийг “Олон улсын хамтын ажиллагааны Японы банк”-наас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутган тооцох арга хэмжээ авахгүй бол тус нийгэмлэгийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогсох хүртэл эрсдэл үүсч болзошгүй байна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Б.Баттөмөр, Б.Чойжилсүрэн нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.
Ингээд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91,7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.