Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир өнөөдөр (2018.07.05) НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар захирал, Ази, Номхон далайн бүсийн Суурин төлөөлөгч хатагтай Кундави Кадиресан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдон ирэх гэж буй ноён Винод Ахужа болон тус байгууллагын Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нар байлцлаа.
Энэхүү уулзалтаар талууд мал аж ахуй, газар, хүнсний хангамжийн асуудлаар ярилцаж, санал солилцсон юм.
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир уулзалтын эхэнд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Улсын Их Хурлаас батлагдан гарсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиудын талаар товч танилцуулав.
Тэрээр, “Монгол Улс бол нүүдлийн мал ахуйн орон. Малын тоо толгой 60 саяд хүрсэн боловч ашиг шим нь төдийлөн сайн биш байгаа. Өвчлөл тэр дундаа гоц халдварт өвчний гаралт нэмэгдэх хандлагатай байгаа нь махны экспортод сөргөөр нөлөөлж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Улсын Их Хурлаас Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг батлан гаргаж, энэ оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Манай улсын нийт бэлчээрийн газрын 70 орчим хувь нь доройтолд орсон гэсэн судалгаа байдаг. Иймд байнгын хорооны зүгээс Засгийн газартай хамтран ирэх намрын чуулганы хуралдаанаар Бэлчээрийн тухай хуулийн төслийг батлуулахыг зорьж ажиллаж байна. Түүнчлэн улаан буудай, хүнсний өргөн хэрэглээний ногооны импортыг бууруулах, аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарыг сайжруулахад анхаарлаа хандуулж байна” хэмээгээд энэ чиглэлд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар захирал, Ази, Номхон далайн бүсийн Суурин төлөөлөгч хатагтай Кундави Кадиресан хөдөө, аж ахуйн бүхий л чиглэлд техникийн зөвлөгөө, тусламжийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд бодлого, хууль эрх зүйн хүрээний асуудлыг цогцоор нь шийдэх нь чухал болохыг энэ үеэр тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.